Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо энэ сарын 5-7-нд болсон “Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт-Боловсрол 2030” сэдвийн хүрээн дэх Ази, Номхон далайн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хуралд оролцов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 6 дугаар сарын 7-нд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Гүйцэтгэх зөвлөлийн дарга, хатагтай Тамара Растовак Сиамишвилитэй хоёр талын уулзалт хийв.
Уулзалтын үеэр монголын талаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллах зорилт тавьсныг танилцуулав. Мөн “Боловсролыг дахин төсөөлөх: Боловсролын төлөөх нийгмийн шинэ гэрээ” (Reimagining Education: A new social contract for education) сэдэвт тайланг монгол хэлээр орчуулж, үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулахаар талууд тохиров.
Түүнчлэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Ерөнхий захирал Одри Азулейн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангах, айлчлалын үеэр байгуулах баримт бичгийн талаар ярилцав.