Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын нөхцөл байдал намжиж, гадаад улсуудын хилийн болон визийн хязгаарлалт аажмаар цуцлагдаж байгаатай холбогдуулан гадаадад зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна.
Гадаадад зорчих иргэд өөрсдийн анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн хилийн чанадад гэмт хэрэг, золгүй явдалд өртөх, санхүү, эд материал, сэтгэл санаагаараа хохирох тохиолдол цөөнгүй тохиолдож буй тул дараах зүйлсийг анхааруулж, сэрэмжлүүлж байна.
- Гадаад паспортын хүчинтэй хугацаа, гадаад улсаас олгосон виз дээрх өөрийн мэдээлэл, визийн хугацаа, визийн ангилал зэргийг тулган шалгах,
- Өөрийн бичиг баримт, мөнгө, гар утас, банкны карт, үнэт зүйлсээ гээгдүүлэх, мартах, хулгайд алдахаас сэрэмжлэх,
- Зорчиж буй улсынхаа болон бүс нутгийн улс орнуудын виз, коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын хязгаарлалт, зохицуулалтыг нягтлан судлах,
- Аялал жуулчлалын компаниудыг сайтар судалж, салбартаа болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани сонгох, аяллын хөтөлбөрөө чанд мөрдөж, ганц нэгээрээ явахгүй байх,
- Аяллын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, аливаа эрсдэл үүссэн үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байх,
- Хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа, эд зүйлс, бусдын бичиг баримт, дайвар зүйлс авч явахгүй байх, гаалийн мэдүүлгээ үнэн зөв бүрдүүлэх,
- Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлсэн бэлэн мөнгө, согтууруулах ундаа, тамхи, эм зэргийг авч явахгүй байх, зайлшгүй шаардлагатай эм, эмийн хэрэгсэл авч яваа тохиолдолд энэ тухай тодорхойлсон баримт/эмчийн бичигтэй байх,
- Тухайн улсад байх хугацаандаа соёл, заншил, зан үйлийг хүндэтгэх, хууль, журмыг чанд дагаж мөрдөх,
- Таньж мэдэхгүй хүнтэй холбоо тогтоох, шөнө, оройн цагаар ганц нэгээрээ явахаас зайлсхийх,
- Бага насны хүүхдээ байнга харгалзан авч явах,
- Хувийн хариуцлагаа ямагт ухамсарлаж, сонор сэрэмжтэй байх, зэрэг болно.
Гадаад улс руу зорчиж буй иргэн Та хамт яваа хүн болон Монголд байгаа ар гэрийнхэнтэйгээ тогтмол харилцаа холбоотой байж, аливаа эрсдэл, аюул учирсан тохиолдолд хамгийн ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт нэн даруй хандахыг сануулж байна.
Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд
Эх сурвалж: : Гадаад харилцааны яам