Туркмений эмэгтэйчүүдийг “хиймлээр гоо сайхан” бүрдүүлэхийг хориглосон шийдвэр гаргасан талаар КП мэдээлжээ. Гэхдээ Туркмений бүхий л хэвлэлүүд улсын хяналтад байдаг тул уг мэдээллийг батлах боломжгүй юм. Тиймээс гадаадын хэвлэлүүд олон нийтийн сүлжээ болон оршин суугчдаас ирсэн мэдээллээр дээрх мэдээллийг бэлтгэсэн байна.
Тодруулбал, Туркменд эмэгтэйчүүдийг хиймэл хумс, хиймэл сормуус хийлгэх, үсээ будуулахыг хориглосон байна. Үүний зэрэгцээ зарим бүсгүй нүүр царай, биедээ ашигладаг ботокс, силиконыг ч хоригложээ. Улмаар Ашхабад болон бусад хотуудын гоо сайхны салонуудаар шалгалтын багийнхан явж, хиймэл хумс, шивээс хийлгүүлсэн, уруулаа томруулсан тохиолдолд торгууль оноож байгаа гэнэ.