Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2022 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нар оролцож, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд байгуулсан протоколд гарын үсэг зурлаа.
Уулзалтын үеэр Монголын талаас МИАТ ТӨХК хоёр улсын хооронд ачаа тээврийн нислэг, Хүннү Эйр ХХК зорчигч тээврийн нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдэгдээд хоёр улс хооронд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлэхээр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцсон. Талууд Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг 2003 онд тохирч үзэглэсэн боловч тухайн төсөл нь сүүлийн үеийн агаарын тээврийн эрх зүйн шаардлагатай нийцэхгүй байгаад санал нэгдэж ойрын хугацаанд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар тохирсон. Хэлэлцээр эцэслэн байгуулагдах хүртэл талууд хоёр талын агаарын тээвэрлэгчдийн чартер болон карго нислэгийн зөвшөөрлийг түргэн шуурхай олгож байхаар тохиролцов.
Мөн олон улсын зам, тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах талаар хэлэлцэж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний тээвэрлэгчиддээ тээвэр хийх боломжит нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн шинэ коридор байгуулах судалгааны ажил хийхээр тохирлоо. Олон улсын зам тээврийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаас өмнө хоёр улсын хооронд зөвшөөрлийн 150 бичиг, гуравдагч улсаар дамжих зөвшөөрлийн 50 бичиг харилцан солилцохоор тохирсон юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.