Х.Болорчулуун: Хятадын мэргэжлийн хяналтын байгууллагынхан Монгол улсад ирээд өөрийн улсын үйлдвэрүүдээ нээх зөвшөөрлийг олгодог

Мах тойрсон асуудал олон түмний анхаарлын төвд байсаар байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Улстөрч.мн сайтад “ХЯДАТЫН мэргэжлийн хяналтын байгууллага манай улсад ирээд ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ” хэмээн ярьсан нь олон хүний гайхшралыг төрүүллээ.
Тэрбээр “Мах бол Монголчуудын стратегийн гол бүтээгдэхүүн төдийгүй гол хэрэглэгдэхүүн. Тийм учраас хамгийн цэвэр, найдвартай, эрүүл байх ёстой. Харамсалтай нь ийм байж чадахгүй химийн бодис илэрсэн гэдгийг мэргэжлийн байгууллага нь тогтоочихлоо. Монголчуудын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа ААН-дийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой гэж бодож байна.
Махыг дулааны аргаар боловсруулж БНХАУ-руу гаргадаг болсонтой холбоотойгоор сүүлийн таван жилд л Эмээлтэд Хятад эзэнтэй компаниуд бий болчихсон. Манайхаас ч бас тусгай зөвшөөрлийг нь замбараагүй олгочхож. Энд бас нэг хачирхалтай зүйл бий…
Хятадын мэргэжлийн хяналтын байгууллагынхан Монгол улсад ирээд өөрийн улсын үйлдвэрүүдээ нээх зөвшөөрлийг олгодог явдал!
Манай улс гадагш гаргах махаа чанартай боловсруулж, хилээр гаргануу гэхээс Хятадын мэргэжлийн хяналтынхан манай улсад орж ирээд мах авна гэдэг утгагүй зүйл. Үүнийг таслан зогсоож, хориглох ёстой!! Манай мэргэжлийн хяналтын байгууллага ч бас өдөр тутмын хяналтын үйл ажиллагаагаа сайжруулж, хараа хяналтаа чангатгах ёстой. Хууль хэрэгжүүлэхгүй, зөрчөөд байвал хүч нэмэгдүүлж ч болно.
Монголд байгаа бол Монголын хуулиар л ярих ёстой. Уг нь зөвхөн экспортод мах гаргах үйлдвэрүүдэд Хятадын мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт хийдэг байсан юм билээ. Харин сүүлийн хоёр жил Ковидоос шалтгаалан өнөөх экспорт нь зогсонгуут Хятад эзэнтэй үйлдвэрүүд дотоодод мах нийлүүлэх гэж оролдсон. Махны зах зээлийг ганц Хятад гэлтгүй бусад улсын ААН-үүд ч бий” хэмээв.