Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч, хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдах болсон. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд манай орны жилийн дундаж агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 хувиар буурсан байна.
Цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, тоо ихээхэн нэмэгдэж, жилд тохиолдох хүчтэй шуургатай өдрийн тоо 1960-1999 онд 20-37 өдөр байсан бол 2000-2016 онд 20-43 өдөр болсон бөгөөд энэ байдал говь, хээр болон газар тариалангийн бүс нутагт түлхүү ажиглагдаж байна. 2021 онд цаг агаарын аюулт үзэгдэл 165, гамшигт үзэгдэл 18 удаа тохиолдсон бөгөөд 19 хүн амь насаа алдаж, 158 мянга гаруй мал хоргодон, 616 гэр, хашаа нурж, улсад 9.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Мөн Монгол орон цөлжилтийн судалгааг анх 1992 онд хэсэгчилсэн байдлаар хийж эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан. Үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж байна. Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72.0 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэн, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдэрээд байна. Үүнээс олон жил орхигдсон 8000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна гэв.
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилтын хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцод 1996 онд нэгдэн орсон бөгөөд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг 2005 онд, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2010 онд, “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012 онд тус тус баталж хэрэгжүүлсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цөлжилтөд өртсөн бүс нутгийн 4338 га газарт хамгаалалтын ойн зурвас, 160 га газарт элсний нүүлтийг сааруулах байгальд ээлтэй механик хаалт хийж, 2481 булаг шандын эхийг хашиж хамгаалснаас гадна бэлчээрийн талхлагдалтад өртсөн 150 га газрыг нөхөн сэргээж, цөлжилтийн судалгааны 4 төв байгуулах ажлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ. 2020-2021 онд цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй, хүчтэй өртсөн Ховд, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулах, элсний нүүлтийг сааруулах механик хаалт хийх, булаг шанд тохижуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж санхүүжилт буурах, төлөвлөсөн төсөл, арга хэмжээний цар хүрээ, үр дүн багасах эрсдэлтэй байгааг Б.Бат-Эрдэнэ сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хийсэн танилцуулгадаа онцолсон байна.
Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах арга хэмжээний жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна.
Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна гэж байлаа.