Хүүхдийг багаас нь л насанд нь тохирсон ажил хийлгэхгүй өмнүүр нь орж хийх (цүнхээ үүрэх, гутлаа үдэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах), алдаа гаргахаас нь сэрэмжлүүлэх (даалгавараа мартах, нимгэн хувцаслах), хэт зааварчлах нь түүнийг өөрийн гэсэн үүрэг хариуцлагагүй, хувийн зохион байгуулалт муутай, санаачлагагүй болгох эхлэл болдог.
Тухайлбал, хүүхдийн цүнх хүнд байвал зарим номыг нь торонд хийгээд тусад нь барьж өгч болох. Хүүхэд өөрийн цүнхээ өөрөө үүрч дадах нь л чухал. Эс тэгвэл цүнх, эд зүйлсээ энд тэнд үлдээсэн, мартсан хүн л болно.
Дийлэнх хүүхдүүд тоглоомоо хураа гэсэн даалгаварыг биелүүлэх дургүй. Ээж хэлж хэлж залхаад өөрөө өмнөөс нь хурдхан хураадаг. “Тоглоомоо хураа” гэхийн оронд “Хоёулаа тоглоомоо АМРААЯ. Ээж нь 10-ыг, чи харин 5-ыг нь. Хамтраад тоглоомоо амраасан чинь гэр маань ямар гоё цэвэрхэн харагдаж байна аа, тийм ээ” гээд хамтдаа хийсэн үйлдлээ урамшуулаарай.
Зөв дадал суулгахын тулд аль болох БАГААС нь хамтран гүйцэтгэ. Ингээд аажим аажмаар түүний тоог нэмээд байхад өөрт нь дадал болчихдог.
Гэтэл аав ээж бид байнга урдуур нь орж хийн, зааварчлан хэлж АЛДАА гаргадаг. Аав ээж танаас бага зэрэг хүлээцтэй байдал, тэвчээр, цаг хугацаа л шаардагдана.
Үүнээс гадна та, яг одооноос хүүхдээ унтахаас өмнө өөрөөр нь :
🖍 Маргааш өмсөх хувцсыг бэлтгүүлэх
🖍 Өглөөний цайнд идэх зүйлийг нь сонгуулах (Олуулаа бол өдөр өдрөөр ээлжлэн нэгнийхээ саналыг сонсоно)
🖍 Маргааш юу юу хийх ёстойг нь яриулах (Боломжтой бол хүүхэд тус бүрт 5′ гаргах)
🖍 Цэцэрлэг, сургуульд явах үеэр бол хичээлийн хуваариа ялгаж цүнхээ бэлдэх
🖍 Өглөө сэрээх цагийг тодорхой болгох
(3+ наснаас эхлэн өөрөө зарим гутал хувцсаа өмсөх хэрэгтэй тул хүүхдийн нас хэдий бага байна төдий чинээ арай эрт босно)
🖍 Сэрүүлгээр сэрэх, хэн нэгнээр дуудуулах эсэхийг өөрөөр нь сонгуулах гэх зэргийг цааш нь баяжуулаад төлөвлүүлж хэвшээрэй.
Танай гэр бүл ам бүл олуулаа, хүүхдүүд нь насны зөрүүтэй байсан ч дээрх аргыг нас насных нь онцлогт тохируулан төлөвлүүлээд сургачихад хүүхэд бүр тус тусдаа бондогоноод хөөрхөн байдаг даа.
Өглөөний цайгаа хамтдаа уугаад, тайван хувцаслаад гэрээс гарах энэхүү соёл, амьдралын зөв хэмнэл хэдий чинээ бага наснаас эхэлнэ төдий чинээ насан туршид дагалддаг.
Зөвлөгөө танд таалагдсан бол одооноос доорх өгүүлбэрийг өөртөө хэвшүүлээрэй.
Урдуур нь орохгүй байх
Хүлээцтэй хандах
Урам, дэм өгөх
Хамтран гүйцэтгэх
Г. Төмөрзаяа (#Хөөрхөн_Шар_Шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)
Б. Мягмарсүрэн (#Хөөрхөн_Шар_Шувуу сургалт судалгааны төвийн сэтгэл судлаач)