Дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү хувь нь тодорхой хэмжээнд коронавирусний эсрэг биеттэй болсон байх магадлалтай хэмээн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэн байна. Энэ нь дээрх тооны хүмүүс вакцинд хамрагдсан эсвэл халдвар аваад эдгэрсэн гэсэн үг юм.
ДЭМБ-ын дэлхий даяар явуулсан судалгааны дүнгээр, өнгөрсөн оны 2 дугаар сард цусны шинжилгээ хийсэн хүмүүсийн 16 хувьд нь эсрэг биет илэрч байсан бол өнгөрсөн оны 10 дугаар сард энэ тоо 67 хувьд хүрсэн байна. Илүү хурдтай тархдаг омикрон хувилбар гарч ирснээр энэ тоо одоо илүү өндөр болсон байх магадлал өндөр байгаа юм. Мөн өмнө нь вакцин хийлгэсэн ч нэмээд халдвар авсан хүмүүс өвчин хүндрэхээс хамгийн сайн сэргийлж байгаа талаар ихэнх судалгаануудын дүн харуулж байна.