Хятадын археологчид 2400 жилийн өмнөх Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олжээ. Сүйх тэрэгний хэмжээ, хийц загвар, тансаг байдал нь эрдэмтдийг гайхшируулсан байна.
Хүрлэн чимэглэл, сийлбэртэй ясаар гоёсон сүйхний урт нь 2,56 м бол өргөн нь 1,66 м бөгөөд зорчигчдыг нар, борооноос тусгай халхавчаар хамгаалдаг. Дугуй тус бүр нь 26 хигээстэй байх агаад эзэн хаан нийгэмд томоохон байр суурь эзэлдэг байсныг харуулж байгаа гэнэ. Мөн дотор нь зогсч, сууж, тэр бүү хэл хэвтэж болдог тун тохилог аж.
Мэргэжилтнүүд уг хосгүй үнэт олдворыг Хөнань мужийн Шиньжэн хотын ойролцоо таван сарын турш малтлага хийсний үр дүнд Чжэн улсын хааны булшнаас илрүүлжээ. Хаантан хойд насандаа аялал хийхэд зориулсан байх магадлалтай юм байна.
Учир нь өөр гурван сүйх тэрэг байсан нь бүгдээрээ баруун зүгт тэр үеийн Чжэн улсын нийслэл рүү чиглэн явж байгаа байрлалтай олджээ. Эрдэмтдийн таамаглаж буйгаар тус хотод нийт 3000 гаруй эртний булш бүртгэгдсэн гэх тооцоо бий.