(…ялангуяа төв суурин, хот газрын хүмүүст зориулав)
Байгальд дуртай, ургамал, цэцэг сонирхдог, хөдөө амьдрах хүсэлтэй, амар, амгаланг эрэлхийлсэн, романтик хүмүүст тохирсон аж ахуй бол зөгийн аж ахуй юм. Зөгий гол ус, мод бут, ургамал цэцэгс гэх мэт хараа булааж, сэтгэл татам байгалийн сайханг дагаж явдаг амьтан тул танд аялангаа ажиллах, ажиллангаа амрах, байгалийн сайханг мэдрэх, хотын чимээ шуугианаас тасрах таатай боломжийг энэхүү бяцхан, нисдэг шавьж олгоно.
Заавал хөдөө амьдрана гэхгүй, төв сууринд ажил төрөл, ар гэртэй хүмүүс аймаг, сум, дүүргээсээ холгүй, хөршүүд тань дургүйцэхгүй гэвэл хашаандаа, зуслангийн газартаа ч ганц, хоёр бүл (нэг хайрцагтай зөгийг нэг бүл гэнэ) зөгий тэжээж болно. Зөгий нь шумуул шиг хаа таарсан газраа хатгаад явдаг хамжааргүй ч амьтан биш л дээ. Үүр хайрцаг, биед нь халдахгүй л бол мөрөөрөө ажлаа хийгээд, балаа цуглуулаад, байгаль дэлхийгээ тэтгээд явдаг амьтан.
Анхаарах зүйл гэвэл та нэгдүгээрт, зөгийн болон ургамалын харшилгүй байх хэрэгтэй. Та зөгийн харшилтай бол үхлийн ч аюултай гэж мэдээрэй. Тиймээс энэ аж ахуйг сонирхохоосоо өмнө харшилтай үгүйгээ мэдсэн байх шаардлагатай.
Анх намайг ажилд орсны дараа захирал маань хатгуулсан уу гэж өдөр бүр асуудаг байлаа. Хүний мууд дуртай хүн бэ гэж бодсон чинь харшилтай үгүйг маань л мэдэх гээд байсан юм билээ. Эхлээд хатгуулахад янгинаж, хавдаж, загатнаж байсан ч сүүлдээ хатгуулсаар байгаад хоронд нь дасал болсон уу, нөлөө үзүүлэхээ байсан. Би ч тоохоо больсон. Ямар ч гэсэн шумууланд хатгуулснаас л дээр гэж бодох болсон.
Хоёрдугаарт, зөгий маллах анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Хүмүүс бодохдоо цэцгэн дунд нэг хайрцагтай зөгий тавиад хэд хоноод л очиж балаа хураадагмэтээр өнгөц ойлгож энэхүү аж ахуй руу ороод “шатах” тохиолдол байдал. Зөгий нь арчилгаа, эмчилгээ, маллагааг сайн хийвэл амархан үрждэг ч эсрэгээрээ амархан хорогддог амьтан юм. 100 бүлээс гуравхантай үлдсэн л гэнэ. 10 бүлээ нэг зөгийн улиралд (7 сар) 25 болгосон л гэнэ.
Нэг бүлийн (10 жааз өндөг, зөгийтэй. Багадаа 50’000-60’000 орчим зөгийтэй) зах зээлийн үнэ ойролцоогоор 700’000 төгрөг байгаа байх шүү. Хураах балны хэмжээнд цаг уур, байгалийн болон таримал (рапс, гурвалжин, будаа, царгас, хунчир гэх мэт) цэцэгсийн гарцаас гадна таны зөгийн мэдлэг, хөдөлмөр илүү нөлөөтэй гэж мэд. Нэг бүлээс 20-70 кг, түүнээс ч их авах боломжтой. Шаамар сумын МСҮТ-д нэг жил сурч болно. Байр, хоол үнэгүй, сарын 200’000 төгрөгний тэтгэлэгтэй гэсэн байх шүү. Харин таны нас 45-аас доош байх хэрэгтэй. Мөн сайн зөгийчинд шавь орж болно. Ажилд нь туслангаа суралцана гэсэн үг. Бас Улаанбаатар хотод манай Михачи ХХК-ийн захирал Томоко онол, практик хослуулсан сургалт явуулж байгаа шүү.
Гуравдугаарт, мөнгө, санхүүгийн хувьд эхний удаад танаас “хөөрхөн” хөрөнгө оруулалт шаардана. Бүлийн тооноос хамаараад дагалдах хэрэгсэл, хувцас, зөгийн нэмэлт тэжээл, эм, нөөц гээд татаасууд овоо авна шүү. Фэйсбүүкийн зөгийчдийн группт энэ талын мэдээлэл олон бий. Зөгийн аж ахуйтай болох хүсэлтэй нэг найз маань 50 бүлээр эхлэхэд багадаа 70 сая төгрөг хэрэгтэй гэж тооцсон байсан. Та сайн судалбал Хөдөө аж ахуйн яам, ОУ-ын байгууллага, янз бүрийн ТББ-ын төсөл, тусламж, хөтөлбөрүүд байдаг гэнэ лээ.
Зөгийн аж ахуйн нэг жилийн ажлын үргэлжлэх хугацаа ерөнхийдөө 3 сарын сүүлээс 9 сарын сүүл хүртэл юм. Энэ хугацаанд та байгаль хэрхэн амилж, амьдарч, гандхыг харах болно. Зарим хүмүүст гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа мэт санагдах байх. Өөдрөг хүмүүст бол усны тунгалаг, агаарын цэнгэг, стрэссгүй амьд байгальд, зэрлэг орчинд оффислох алтан аж ахуй юм.
Олон бүлтэй л биш бол өдөр бүр танийг өөрөөсөө уяхгүй. Хонь мал шиг хариулах шаардлага үгүй. Цаг бүр цагдуулаад байхгүй. Тухай, тухайд нь хайрцагийг нь онгойлгож үзлэг, хяналтаа хийгээд явахад танд чөлөөт цаг хангалттай гарна. Үзлэг гэдэг нь хатан зөгий эсэн мэнд, эрүүл саруул байна уу, өндөглөж байна уу, бүлд өвчин, хачиг гарч уу, хоол тэжээл хангалттай байна уу, бал хурааж байна уу гэх мэтийг шалгахыг хэлж буй юм.
Зөгий бээрэг амьтан тул нарлаг тогтуун өдөр л үзлэг хийх боломжтой. Бороо хуртай, бүрхэг, салхитай өдөр бүр таны хувьд “бямба, ням” гараг гэсэн үг. Ер нь цагт баригдаад байдаггүй. Өглөө нар хөөрсөн үед ажил эхэлж, үд хэвийх үед зогсох жишээний. Харин нүүх, балтай жааз хураах онцгой тохиолдолд та нойроо хугаслах хэрэг гарна. Учир нь бал хураахаар явсан зөгийнүүдийг үүрэндээ бүрэн орсоны дараа шөнө юмуу, нислэгт гарахаас өмнө үүрээр эдгээр ажлыг хийдэг.
Зөгий малласнаар та байгаль дэлхийдээ үнэлж баршгүй их тус хүргэхийн хажуугаар өөртөө ч багагүй орлого олно. Ялангуяа цөлжилт, цаг уурын өөрчлөлт, ургамал, цэцэгсийн нөөц ховордож буй энэ цаг үед чухлын чухал аж ахуй бол зөгийн аж ахуй юм. Бахархам ажил шүү. Жинхэнэ эко аж ахуй. Та жилд багадаа 3 удаа бууриа сэлгэж, нүүдэл хийх болно. Эхлээд хаваржаа буюу зооринд өвөлжсөн зөгийгөө гаргаж голын бургас бараадуулж тавина. Учир нь бургасны гөлөг зөгийн хаврын анхны тэжээл болдог учиртай. Ингээд 6 сар болж цэцэгс дэлгэрээд эхлэхээр балт ургамал ахиу ургасан газрыг судлаад нүүнэ. Энэ нь зуслан болчихож байгаа юм. 8 сарын сүүлээр зэрлэг цэцэгс гандаж, шим шүүс нь муудхын цагт зөрөөд тариаланчдын тарьсан рапс хэмээх тосны ургамал ургаж эхлэнэ. Тэр талбайг олж зөгийгөө тавьснаар та намаржаандаа бууж байна гэсэн үг. Рапсын талбайд зөгий тавьснаар тариаланчдад ч, зөгийчдөд ч, зөгийнд ч аль алинд нь ашиг тусаа өгөх алтан хамтрал юм.
Рапс нь нэгдүгээр зэргийн балт ургамал тул та нийт хураах балныхаа ихэнх хувийг рапсаас авах болно. Дэлхийн зөгийн балны 80% нь рапс буюу шилэмдгийнх байдаг. Манайхан рапсын балыг муу гэсэн ойлголттой байдаг. Гэтэл рапсын бал бол ердөө л хамгийн түгээмэл, энгийн л бал юм. Тиймээс элсэн чихрийн оронд хэргэлвэл илүү тохиромжтой гэж зөвлөе. Харин зэрлэг цэцэгсийн, гурвалжин будааны, гангын балыг илүү эмчилгээний зорилгоор хэргэлээрэй.
Зарим улсад тариаланчид гарцаа нэмэгдүүлхийн тулд зөгийчдөд урамшуулал өгч талбай дээрээ зөгийг нь байрлуулдаг байна. Хүлэмжийн аж ахуйд ч зөгий ашиг тусаа өгөөд эхэлж. Бүр төр засгаас нь ч их дэмждэг гэсэн шүү, зөгийчдөө.
Ингээд рапсын цэцэгс унаснаар та сүүлийн бал хураалтаа хийж зөгийгөө өвөлжүүлэх ажилдаа орно. Үүний тулд бүх балыг нь хурааж авсан зөгийн бүлүүдээ элсэн чихрийн уусмалаар тэжээж (зөгийн идүүр гэж бий) өөрөөр нь өвлийн идэш, тэжээлийг нь нөөцлүүлэх хэд хоногийн ажилд орно. Өөрөөр хэлбэл хөеөг нь хураалгана гэх юмуу даа. Мөн хачиг, элдэв зөгийн өвчнөөс сэргийлсэн эмчилгээг хийгээд эрүүл саруул, хоол ундтай өвөлжих бэлтгэлийг хангана. Хуурай, агааржуулалт сайтай, хулгана, хортон шавьж үгүй, -4, +4 градусын хооронд хэлбэлзэх зоорь олж ариутган цэвэрлэх хэрэгтэй. Ингээд 10 сарын сүүл, 11 сарын эхэнд агаарын хэм өдөртөө -10 болоод ирэх үед зоориндоо хийнэ.
Ийнхүү зөгийн нэг жилийн ажил дууслаа.
Хураасан балаа өөрсдөө хэргэлж илүүг нь зарж, өөрийн брэндээ ч бий болгож болох юм. Өвөл сардаа 1 юмуу 2 удаа очиж шалгана. Үхсэн зөгийнүүдийг (зөгий зооринд байх 5 сарын хугацаанд үхэх, төрөх амьдралын жам ёс явагдаж л байна шүү дээ) нь нарийн төмөр сэтгүүрээр ухаж гаргана. Эс бөгөөс хаалгаа таглаад бүл бүхэлдээ бүтэж үхэх эрсдэлтэй.
За ингээд дараагийн 3 сарын сүүл хүртэл зөгийнүүд тань танд эрх чөлөөг олгоно доо.
Энэ сайхан амьтны талаар өнгөц дурдахад ийм байна. Нарийн ярина гэвэл далай, далай. Бүлийн бүтэц, эрх үүрэг, хариуцлага, амьдрах хэв маяг нь даанч сонирхолтой. Яг л хүний нийгэм гэсэн үг. Хатан зөгий, эр зөгий, ажилчин зөгий, цэрэг зөгий, тагнуулч зөгий, хулгайч зөгий гээд л. Хатан зөгий “таалагдахгүй” бол “ард түмэн” нь хороож орхиод “төрийн эргэлт” хийнэ, “засагт” хоёр хатан зөгий гарч ирвэл хоорондоо “алалцана”. Эсвэл нэг нь бүлийнхээ талыг урвуулаад “салан тусгаарлаж” одно, өөр бүлээс “дайн зарлана” гэх мэт “улс төр” болоод “геополитикийн” ярвигтай асуудлуудыг нь та дор, дор нь шийдээд явчихвал зөгийн аж ахуй үнэхээр сэтгэл татам, сонирхолтой, сайхан аж ахуй шүү.
Ч.Явуухүү
SONIN.MN