Автомашингүй өдөр “Хүрээ хувцас” өмссөн залуус олны анхааралд өртөж, бусдаас нэлээн содон харагдаж байсан юм. Монгол өв соёл, Хүрээ дээл хувцасны дэг, өнгө хийцийг Монголчууддаа таниулах, бидний өвөг дээдэс ямархан өв соёлыг бий болгосныг харуулах, сануулахыг хүсч лам нар ийнхүү марафонд оролцсон байна. Энэ тухай мэдээллийг Ханбогд сумын Бадамдэмчигнай сүмийн лам Мягмарын Тэгшбаяр өөрийн цахим хуудсандаа хуваалцсан байна.
Тэрбээр “Бидний мартагдаж мэдэхээ больсон, Хүрээ хувцасний дэг намба, өв соёлыг таниулагч хуврагууд. Улаанбаатар марафоны нэгэн содон бөгөөд тод өнгө нь үндэсний дээл хувцас, малгай зэргийг бүрэн хэрэглэж, хүрээ ёс дэгээр төв сайхан хувцасласан лам нар.
Тэд Монгол өв соёл, Хүрээ дээл хувцасны дэг, өнгө хийцийг Монголчууддаа таниулах, бидний өвөг дээдэс ямархан өв соёлыг бий болгосныг харуулах, сануулахыг хүсч энэхүү марафонд оролцжээ.
Дээрх лам нарын энэ санаачлага машид таалагдсан бөгөөд ламбугай нарыг танилцуулж байна.
- Баруун гар талаас хар хөх дээлтэй аймгийн заан, шүтээн урлаач Рэнцэн
- МБШТөв, Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны лам Жамъянсүрэн
- Хувраг Алдарбилэгт
- Үржиншадивлин хийдийн зоч лам Дарханмандал
- Хувраг Мөнхтөр
- Гандантэгчэнлин хийдийн Жүд дацангийн бага умзад Отгонмандах
- Гандантэгчэнлин хийдийн сургалтын албаны лам Энхтүвшин
- Гандантэгчэнлин хийдийн Жүд дацангийн их унзад Тулга
- Жүд дацангийн нярав Бадам
- Зүүн хүрээ Дашчойлин хийдийн шүтээн урлаач Эрдэмбилэг
- МБШДС-ийн оюутан Бат-Ирээдүй
- Жүд дацангийн лам Цэндбаяр
- Жүд дацангийн гэсгүй Гантөмөр нарын хуврагууд.
Ингэж бодитоор үзүүлж харуулахгүй бол Хүннү загварын дээл, хэтэрхий чөлөөтэй болгож утгыг нь алдагдуулсан зарим заримдаг хэв загвараас давж сэтгэхгүй байх шиг харагддаг.
Дээрх хуврагуудын өмсч асаасан дээл малгай зэрэг нь сүртэй гоё ганган хувцас хэрэглэл бус бөгөөд бидний өвөг дээдэс энэ байтугай чамин дэгжин, загварлаг сайхан хувцас эдлэлтэй байсныг, бид хэдий чинээ хувцас эдлэл, өв соёлоосоо холдсоныг харуулж буй хэрэг.
Хэрэв бид 100-н жилийн өмнөх Их хүрээнд очвол эдгээр лам нарын асаасан дээл хувцас, малгай бүс энгийн нэгний өдөр тутамдаа өмсдөг байсан хувцас болохыг харж ойлгоно. 1921-н оноос өмнөх Финлянд, Швед, Дани, Америк зэрэг орны аялагчдын замын тэмдэглэлд Монголчуудын нүд гялбам, өнгө тансаг, уран нарийн дээл хувцастай болохыг бичиж үлдээснийг уншиж ойлгож болно.
Ер нь тэгээд Монгол өв соёл, ёс заншлын өвийг тээгчид нь бөхчүүд, уяачид, бурханы шашны лам хуврагууд гэдэг нь үгүйсгэхийн аргагүй үнэн билээ. Сайхан дээл хувцсаараа нүд баясгасан залуу хувраг нартаа талархлаа” гэжээ.
Б.Ирээдүй