Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна.
Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв.
Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болж, олон улсад Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх, нэр хүндийг өргөхөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов.
Үүн дотроо Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд шинэ чиг хандлага, өөрчлөлт гарч эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх жин жилээс жилд нэмэгдэж байгааг хэлэв.
Эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо цэргийн харилцаанд зохицол, зөвшилцлийн уур амьсгал, энэрэнгүйн соёл түгээн, Энхийг дэмжих ажиллагааны хүнлэг зорилгод илүүтэй нийцэж, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх, үймээн самууны хөлд нэрвэгдэгсэд болон хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд өндөр үр дүнтэй байдгийг дурдав.
Мөн Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулсан энхийг сахиулагч нарт дурсгалын зүйл гардууллаа.
НҮБ 2000 онд “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоол гарган, энхийг сахиулах, бүтээн байгуулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Монгол Улсын 872 эмэгтэй алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цэрэг хандивлагч орнуудаас эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт, Зүүн Хойд Азид нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Африк тивд цэргийн ажиглагч, одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа анхны эмэгтэй энхийг сахиулагч хурандаа Н.Нямжаргал, цэргийн багийн захирагчаар ажилласан бэлтгэл дэд хурандаа Г.Тунгаамаа, НҮБ-ын цагдаагийн ажилтнаар анх удаа бие даан үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, цэргийн хээрийн 2 дугаар шатны эмнэлгийн багт үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Д. Ариунжаргал нарын бүсгүйчүүд эмэгтэй цэргийн алба хаагчид Энхийг сахиулах ажиллагаанд оролцох шанг татсан түүхтэй.
Эмэгтэй энхийг сахиулагчдын анхдагчийн нэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга Ганболдын Болорт цэргийн дээд цол- “Бригадын генерал” цол хүртээснээр Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал төрсөн.
Энэ нь Зэвсэгт хүчний үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч буй шинэ чиг хандлагын илэрхийлэл төдийгүй аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөөх үйл хэрэгт эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж буй эмэгтэйчүүдийн эр зориг, хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг юм.