Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байжээ.
БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн хүдэр, целлюлоз, бордоо, хөдөө аж ахуйн дайвар бүтээгдэхүүн болон бусад бүх төрлийн хүний гараар ачдаг ачаа, барааг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй хэмээн хятадын талаас мэдэгдэж байлаа.
Улмаар хятадын талтай ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дээрх шийдвэр цуцлагдсан боловч нурмаг нунтаг ачаа буюу нүүрсийг задгай вагоноор тээвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалтай хэвээр байв.
Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.