Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ боллоо. Тус тэмцээнд 48 орны баг тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Монголын баг тамирчдаас өчигдөр ДАШТ-ий +120 кг-ын жинд Батаагийн Чимэдцэрэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр тус жинд цээжнээс 367.5 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга болсон юм.
Б.Чимэдцэрэн ийн дэлхийн хошой аварга болж байгаа бөгөөд өмнө нь 2018 оны ДАШТ-ээс алт, 2021 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв. Тэрбээр мөн Азийн АШТ-ий гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч юм.
Эх сурвалж:MNB