Булган аймгийн Баян-Агт суманд энэ сарын 23-нд мөндөр орж, таван айлын гэр, хашаа нурсан. Харин 24-нд тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2.5-4 см голчтой мөндөр орж, таван хүн, 300 гаруй бог гэмтэж, 20 орчим өрхийн гэр нуран, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр цөмрөн салхинд хийссэн юм.
Мөн 149 автомашины салхины шил, гэрлэн дохио хагарч, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 тулгуур багана унасны улмаас 600 гаруй өрх цахилгаангүй болоод байв. Түүнчлэн Өвөрхангайн Хайрхандулаан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд ч энэ өдөр салхи секундэд 24-26 метр хүрч ширүүсэн, мөндөр орсон юм.
Өнгөрсөн бямба гаригт эл үзэгдэл нийслэлийн Багануур дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сум орчимд орчимд болов. Аадар, мөндөр орсны улмаас үер буужээ.
Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар өчигдрөөс түр зуурын бороо орж эхэллээ. Өнөөдөр баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Мөн зарим газарт мөндөр орж, гамшигт үзэгдэл давтагдах магадлалтайг холбогдох албанаас мэдээлэв.
Эдгээр өдрүүдэд салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх аж. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 15-20, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20, өдөртөө 26-31, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 20- 25 хэмийн дулаан байх гэнэ.
Салхитай, усархаг бороо үргэлжлэн орох тул иргэд, малчдыг сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагаас анхааруулав.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин