-Их Хүрээ (Өргөө)-н дэх хаант Оросын ерөнхий консулын нарийн бичгийн дарга, орчуулагч Я.П.Шишмарев 1862 оны Даншиг наадмын талаар “Северная пчела” сэтгүүлд өгүүлэл нийтлэж байсан нь эдүгээ түүх болон үлджээ.-
“Монголын Үндэсний баяр” хэмээх энэ өгүүлэлээс та бүхэнд тоймлон хүргэе.
1862 оны 7-р сард Халхын дөрвөн аймгийн хан, ноёд, ихэс дээдэс 7-р Богд Жавзандамба хутагт Агваанчойжинванчүгпэрэнлэйжамц-д өргөл барьц өргөж, даатгал аврал эрснээр Даншиг наадам эхэлжээ. 7-р Богд тухайн үед 12 настай хүүхэд байжээ. Удалгүй 1032 хүчит бөхийн барилдаан эхэлж, хэдэн өдөр үргэлжилсэн. Лам бөхчүүд олон байсныг дурдаж, давааны бай шагналыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Даншиг наадамд нэг давсан бөхөд боорцог, хоёр давсан бөхөд хонь, гурав давсан бөхийг бод малаар шагнаж байжээ. Түрүү, үзүүрийн бөхчүүдийг нэлээд тооны бод, бог мал, торго дурдан, мөнгөн ембүүгээр байлжээ.
Өглөө эрт эрхий мэргэн харваачид модонд цувруулан өлгөсөн арьсан бөмбөгийг морины эрч хурдаар давхих зуур алдалгүй харваж (бөмбөг намнах, А.Г) хоорондоо өрсөлдөв. Оновчтой харвасан арьсан бөмбөг бүрт харваачдыг нэг лан мөнгөөр шагнаж байжээ. Дараа нь харваачид мориноос бууж, явгалан, модонд тэлж татсан үхрийн ширийг тогтсон зайнаас (70 гаруй метр) цуваагаар харваж, оноог тооцон шалгаруулж (сарампай харвах, А.Г) байжээ.
Я.П.Шишмаревын цохон тэмдэглэснээр Даншиг наадмын гол арга хэмжээ нь хурдан морьдын уралдаан байв. Хурдан морьдын уралдаан Их Хүрээнээс баруун тийш 25 верст (1 верст нь 1.0668 км-тэй тэнцэнэ, А.Г) зайтай “Бухук” нэртэй газар болсон гэжээ. “Бухук” гэдэг нь Бөхөг, Түргэний голын хөндий, Хүй долоон худаг орчмын газрыг хэлсэн хэрэг. Хурдан морьдын уралдааныг үзэхээр 20 мянган хүн цуглаж, 3 мянган гэр барьсан нь нийт 6 км орчим сунаж үргэлжилж байв гэжээ. Наадамчид баяр ёслолын байдалтай хувцаслаж, Бөхөг голын хөндий Их Хүрээний хооронд өдөр, шөнө ялгалгүй хөл хөдөлгөөн тасрахгүй байв.
7-р сарын 27-ны үүрээр 7-р Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд хүрэлцэн иржээ. Эхний өдөр 480 хурдан хүлгийг 26 км-ын зайд тавьж уралдуулав (Их насны морьд уралдсан бололтой, А.Г) Уралдааны явцад 26 морь бахардаж унажээ. Хурдан морины унаач хүүхдүүд 10-14 настай байжээ. Сэцэн хан аймгийн Дайчин засгийн хошуу (одоогийн Хэнтий аймгийн Батноров сум, А.Г)-ны хурдан хүлгүүд урьдын адил (Шишмаревын дурдсанаар) Даншиг наадмын ихэнх түрүүг авсан байна. Түрүүлж, айрагдсан морьдын унаач хүүхдүүд Богд гэгээнд бараалхжээ. Дараачийн өдөр 500 орчим хурдан хязааланг 17 км-ын зайд тавьж уралдуулав. Гурав дахь өдөр 500 орчим шүдлэнг 9 км-ын зайд уралдуулахад, 19 шүдлэн бахардаж унажээ. Хурдан морины бай шагналын ихэнхийг морины уяачид олгож, зарим хэсгийг нь унаач хүүхдэд өгсөн гэжээ.
Я.П. Шишмаревын онцлон тэмдэглэснээр, 1862 онд Монгол орон даяар ган гачигтай, хуурай жил болсон учир Даншиг наадамд харьцангуй цөөн бөх зодоглож, цөөхөн морьд уралдсан гэжээ. Бороо хур сайтай жилийн Даншиг наадамд 3 мянган хурдан хүлэг уралдаж, 2 мянган хүчит бөх зодоглодог гэж тэмдэглэжээ.
1862 оны Даншиг наадам нийт найман өдөр үргэлжилсэн.
Я.П. Шишмарев жилийн дараа (1863 онд) Иx Хүрээн дэх Хаант Оросын ерөнхий консулаар томилогдож, 1911 он хүртэл 50 орчим жил ажиллажээ.
ЗУРГИЙН ТАЙЛБАР
(Эдгээр зургууд 1862 оны Даншиг наадмынх биш, арай хожуу 1890-1900 оны үеийн Даншиг наадмын зурагнууд болно):
Бөхөг, Түргэний голын хөндийд цугласан наадамчид.
Богд гэгээний хурдан морьдын унаач хүүхдүүд.
Хөдөө орон нутгийн хошуудаас ирсэн хурдан морьдын унаач хүүхдүүд.
Хурдан хүлэгийн уралдааныг үзэхээр ирсэн наадамчид
Түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудав.
Хурдан морьдын уралдаан эхлэхээс өмнө Богд гэгээн цагаан морь унан ордноосоо гарч, 50 орчим шадар лам дагуулан Бөхөг голын хөндийд иржээ.
Морьд гарааны зурхайд иржээ.
Морьд гарааны зурхайгаас эргэсэн байна. Мөн барианд орж буй агшинг харуулжээ.
Хурдан морьдын уяачид, унаач хүүхдүүд отог руугаа буцаж байна.