…Хий нас бол хүний эхийн хэвлийд өсч бойжих төдийгүй тархины болоод хөдөлгөөний суурь хэмнэл төлөвших хамгийн чухал үе. Тэр бүү хэл шинэ үеийнхэн үр тогтохоос бүр жилийн өмнөөс сэргэг эд эс бүрэлдүүлэхийн төлөө бэлтгэл хийх болсон. Амин дэмт хоол хүнс хэрэглэх, архи тамхинаас татгалзах, уур бухимдлыг тэвчих, аливааг өөдрөг өнцгөөс харах, сайн энерги хуримтлуулах, агаар салхинд тогтмол гарах, хөдөлгөөнтэй, идэвхитэй байх, хөгжим сонсох, ном унших гээд аль болох эерэг байж эрүүл саруул, эрч хүчтэй, сэргэг эд эс бий болгохыг хүсэмжилж байна…
…Хүүхдийн ааш авирт эрүүл мэндийн байдал шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл шингэн дутагдалтай бол бие сул дорой байх ба эрч хүчгүй, ноомой байх жишээтэй. Хүчилтөрөгчийн дутагдал ч ялгаагүй дархлаа сулруулна. Хоол хүнсний дутагдал мэдээж хөдөлгөөн удаан, залхуу хойрго болох магадлал үүснэ. Танд ч мөн адил. Ялангуяа агаар болон шингэний дутагдалтай хүүхдийн ойлгоц удаан байдаг…
…Хүүхэд төрлөө. Хүн бүрийн зүрх өөрийнх нь атгасан гарын дайтай байдаг. Нярайн зүрх эрхийн чинээхэн. Тийм жаахан зүрхэнд хүнддэх чимээг огт сонсгож болохгүй. Гэрийн бүх гишүүд маш аядуу зөөлөн хөдөлж бас ярина. Айх, цочих болгонд тархины эд эс цочирч, зүрх атирч, уцаарлаж, дагаад авир төрх эвдэрч байдаг…
…Хүүхдийг хэлд ороогүй гээд өдөржин дуугүй удаан байж бас болохгүй. Үргэлж зөөлөн дугарч, гар хөлөөс нь атгаж, юм ярьж, илж таалж, эрхлүүлж, харьцаж байна. Үргэлж тайван таатай байсан хүүхэд дөлгөөн намуухан төлөвшил сууж эхэлдэг. Хүүхэд уйлбал удаан уйлуулж огт болохгүй. Ярдаглах бүрт авир эвдэрч байдаг. Хурдан саатуулж эсвэл тэвэрч тайвшируулна. Мөн үнсэнэ. Үнсэлтийг хүүхэд маш сайн мэдэрдэг. Үнсэлт хүүхдэд их таатай байх бөгөөд сэтгэл санаа маш сайхан тайвширдаг. Гэхдээ хэт эрхлүүлж өдөржин үнсэх хэрэггүй. Сэтгэлийн хат сул, гомдомхой, шантрамхай болох магадлал үүснэ…
…Ид сониуч зан хөгждөг үе. Бүх юмыг хазаж, маажиж, тэмтэрч, илж, базаж үзнэ. Хориг тавих хэрэггүй. Сониуч зан сарнивал шинэ юм барьж авахаас зугтдаг, айдаг болно. Харин ч олон төрлийн тоглоом, хүнс, хувцас, эд зүйлс тавиад оролдуулах хэрэгтэй. Тэдгээр зүйлс харин аюулгүй, цэвэр байх ёстойг мартаж болохгүй. Энэ үед хүүхэд эд зүйлсийн тухай ойлголттой болох, эр зориг үүсэх төдийгүй зөв буруугийн ойлголт давхар сууж байдаг…
…Мөн ямар нэгэн юм онож тоглуулна. Энэ нь зорьсондоо хүрэх сонирхол үүсч эхэлдэг. Бидний өвөг дээдэс нум сум багаас харвуулдаг байсан нь гүн агуулгатай тоглоом наадгай байсныг харуулж байгаа юм. Оносон тоглоомоо авах үед та түүнтэй хамтдаа үзээд магтана. Гаргасан амжилт, олсон олзноосоо таашаал авч сурна. Таашаал авахын хэрээр дараагийн алхамыг хийх сонирхол шууд төрдөг. Энэ бол зорилгодоо хүрэх чадварыг идэвхитэй хөгжүүлэх алхам юм…
…Жишээ нь та нэг өдрийн нэг цагийг хэрхэн хүүхэддээ зориулж, төлөвшүүлж хөгжүүлэх талаар зөвлөе. Өвөл боллоо гэхэд хүйтэн, даардаг тухай гутранга зүйлс ярих биш цасан хүн, мөсөн хотхон, өвлийн өвгөн, бэлэг, гацуур мод, цана чаргын тухай өөдрөг сэтгэж, бодож, ярилцана. Та ч мөн өөдрөг, санаачлагатай байвал хүүхэд аливаа зүйлийн сайн талын тухай түрүүлж боддог болж төлөвшдөг. Жишээ нь төрөл бүрийн хуванцар саванд ус хөлдөөгөөд, янз бүрийн хэлбэр дүрс гарган, хагалж эвлүүлэн хүүхэдтэй мөсөн хотхон барьж тоглож болно. Хөлдөөх усан дотроо өнгө өнгийн болоод гялгар цаасны үйрмэгүүд хийж хутгаад, урд өдөр нь бэлдэж, гадаа тавьж хөлдөөнө.
Хагалсан мөснүүдийг хооронд нь ус асгаж наалдуулдаг. Та хамтарч сэтгэж, бодож хийлцэнэ. Харин хүүхдийг маш сайн дулаан хувцаслана. Мэдээж давхар зузаан бээлий бэлдэнэ. Энэ үед хүүхэд хүйтэнд биш бүтээлд хамаг анхаарал нь төвлөрнө. Хүүхэд бүтээсэн зүйлээ хараад ямар их баярлаж хөөрч, сэтгэл санаа нь маш ихээр баясч өргөгдөхийг та харах болно. Хамтын хүчийг түүнд мэдрүүлнэ. Бүтээхийн гайхамшигийг тэр бас мэдэрнэ. Сайн сайханг бий болгох зуршил тогтоход түлхэц өгнө. Аз жаргал ирэхийг хүлээж суудаг биш бий болгодог зуршил тогтоно. Дараагийн өдөр та өөр зүйл сэтгээд явна. Цасан хүн хийх, шувууны үүр барих гэх мэтчилэн…
…Шилжилтийн насны хүүхэд шаардуулах дургүй. Тиймээс та долоо хоног бүр шинэ ном авах ба авсан номнуудаа ширээ, ор, гал тогоо, хүүхдийн өрөө гээд хүүхдийн нүдэнд өртөх газар болгонд өөр өөр шинэ номнууд байнга тавина. Хүүхэд нүдэнд харагдсан зүйлээ заавал барьж үздэг. Та бас тэр номнуудаас өдөрт ганц хоёр өгүүлбэр хэлээд байвал бүр сайн. Харин хүүхэдтэй дан явган яриа ярьж эсвэл үргэлж мэдлэг ярьж залхаах хэрэггүй. Тухайн үеийн уур амьсгал, хүүхдийн сэтгэл санааны байдлыг сайтар ажиглаж байж ярианы сэдвийг сонгоно. Та ярьж буй сэдэвтээ онцгой анхаарна. Учир нь энэ насныхан мэдээжийн зүйлс эсвэл олон сонссон зүйлсийнхээ тухай дахин сонсох дургүй байдаг. Тиймээс арван минут өөрийнх нь тухай сонирхож, дараагийн арван минутанд амьдрах ухаан, үргэлжлүүлээд мэдлэг ухааны таван өгүүлбэр ярих жишээтэй…
…Мэргэжилтэн болоход бэлдэх нас. Аль хичээлийг түлхүү давтахаа заавал шийднэ. Сонгосон мэргэжлээр хүүхэд ажиллах учир та сонгож болохгүй. Харин та тус мэргэжлийн давуу болоод бэрхшээлтэй тал, хүүхдийн авъяас чадвар, зан төлөвт тохирох эсэх талаар мэдээж заавал зөвлөнө. Эцсийн шийдийг хүүхэд өөрөө гаргах ёстой. Учир нь ажлын талбар дээр таны хүүхэд зогсоно. Тиймээс түүнд таатай, сонирхолтой байх маш чухал. Хүүхэд хэр сонирхолтой байхаас ажлын бүтээмж шууд хамаарна…
…Та харин хүүхдийнхээ сонгосон мэргэжлийн таатай, бэрхшээлтэй талуудыг заавал олж, судалж мэдээд, түүнд сануулж өгнө. Гэхдээ сураг сонссон, таамаг төдий мэдээлэл биш. Өөрийн нүдээр бодит байдлыг харсан эсвэл уншиж мэдсэн мэдээллийг ярина. Мөн мэргэжлээ хэрхэн сонгох талаар ном товхимолуудыг та бэлдэнэ. Сонгосон мэргэжилд бэлдэхэд шаардлагатай ном сурах бичгийг бас авч өгнө. Тус мэргэжлийн хүмүүсийн дотор өдөржин хамт байж, харах, ажиглах, судлах, цэнэх боломж олж өгвөл бүр сайн. Тэр үед хүүхдийн бодол өөрчлөгдөж болно…
…Хүүхдийг мөн олон нийтийн ажилд идэвхитэй оролцуулах нь бусдыг таньж мэдэхэд тустай. Хамтын хүч их үр дүн авчирдагийг хүүхэд харах болно. Тиймээс олны хүчийн гайхамшиг болох томоохон бүтээлийг харж, мэдрэхийн хэрээр бусадтай заавал эвцэн зохицож, ажиллаж амьдрах учиртайг ойлгож эхлэнэ. Улс орны томоохон бүтээн байгуулалтын шинэ дүр зургийг түүнд заавал харуулж байна. Мөн хөгжингүй орны хөгжил цэцэглэлт болон техник технологийн дэвшилийг харуулсан баримтат кино бичлэгийг үзүүлнэ. Хүүхэд бусдын бүтээлийг харж бахархаж бишрэхээс гадна бүтээх хүсэл тэмүүлэл үүсч улмаар тэр их бүтээн байгуулалт дундаас өөрийн хүсэл сонирхолоо олж харах боломж нээгдэнэ.
”ШИНЭ ЦАГИЙН ТӨЛӨВШИЛ” \0-18 нас\ номноос…
Тус номыг бүх номын дэлгүүрт худалдаалж байна.