“Мэдээллийг эзэмшдэг хүн дэлхийг эзэмшдэг”
(Натан Майер Ротшильд, 1777-1837.)
“300 спартан” хэмээх Холливудын киног кино зохиолчид бодож болсон боловч түүн дотор үнэний ор бий. Хаанаас арми нь урваж, Персийн хаан Ксеркст уулан дотор нууц жим байдаг тухай мэдээлэл олж өгсөн гэдэг. Энэ мэдээллийн ачаар персүүд тэдний ар хэсэг рүү нэвтрэн орж, сүйрүүлсэн гэдэг. Бүх зүйл өөр байх боломжтой л байсан. Олон тооны армитай, орчин үеийн хүчирхэг зэвсэгтэй, гялалзсан стратегитай, тохиромжтой байршилтай байлаа гээд тулалдааны талбарт ялах нь баталгаатай биш. Бүхэл бүтэн дайныг нэг уулын жимийг мэддэг байснаар эргүүлчихэж байгаа нь сонирхолтой. Яг үүн шиг дэлхий ертөнцийг өөрчилсөн 10 том мэдээлэл задруулалтыг хүргэж байна.
1. “Таташ” ажиллагаа
Орон гэргүй, үгээгүй хоосон нэгэн залуу өөрийгөө хэнд ч, юунд ч хэрэггүй хүн гэж боддог байжээ. Түүний Глиндур Майкл гэдэг бөгөөд дэлхий ертөнцөд утга учиргүй амьдарч байгаагаа эцэс төгсгөл болгохын тулд хархны хор ууж орхижээ. Энэ явдал 1943оны өвөл болсон юм. Залуу эр тухайн үед Дэлхийн хоёрдугаар дайн болж, шийдвэрлэх эргэлт болох нь ээ гэдгийг ч мэдэлгүйгээр Лондон хотын нэгэн хаягдсан эмнэлэгт нас баржээ. Глиндураар энэхүү аймшигт цуст дайны төгсгөл болгох үйлдэл хийж, Адольф Гитлерийг ч хуурч чадсан гэдэг.
Гэр оронгүй эрийн цогцсыг моргноос гаргаж, хошууч Уильям Мартины цогцос болгон хувиргажээ. Хувцас хунарыг нь өөрчилж, хувийн эд зүйлс, зураг, баримтаар батжуулж авчээ. Хамгийн гол нь түүнийг нацистуудад эзлэгдсэн Грек рүү холбоотнууд довтлохоор зэхэж байна гэсэн цэргийн хуурамч мэдээлээ зэвсэглэсэн аж. Хуурамч атташег Испанийн өмнөд эргийн ойролцоо тэнгист хаясан байна. Хэдэн цагийн дараа түүнийг загасчид илрүүлжээ. Тухайн үед фашистуудын талд ороод байсан Испанийн Засгийн газар энэхүү үнэ цэнтэй мэдээллийг гестапод баяртайгаар хуваалцаж орхижээ.
Баримтууд үнэхээр үнэмшилтэй байсан бол энэ мэдээлэл фюрерт хүртэл хүрч гэнэ. Ингээд л Гитлер асар олон тооны явган цэрэг, танкийн дивиз, шумбагч завиа Грек, Зүүн Европ руу хөдөлгөх зарирамж гаргажээ. Энэхэн мөчид Сицили ямар ч хамгаалалтгүй, холбоотнууд дайрч орох боломжтой болон үлдэж гэнэ.
Энэ зальжин аргын ачаар холбоотнууд Италид бэхлэлтээ тогтоож чадсан нь Муссаолиниг эцэст нь унагах том алхам авчирсан юм. Италийн сул тал ЗХУ-д Зүүн фронтод амжилттай, эрчимтэй давших эхлэлийг тавьсан гэдэг. Учир нь Гитлер тэндээс л армийнхаа ихэнх хэсгийг татсан байдаг.
Ийнхүү нэгэн азгүй эрийн эмгэнэлтэйгээр үхсэн түүх эцэстээ фашизмыг ялах гол хүчин зүйлсийн нэг болжээ. Сонирхолтой мэдээлэл дуулгахад, “Махан таташ” нэртэй ийм зальжин ажиллагаа боловсруулахад Ян Флеминг оролцож байсан гэдэг. Тэрбээр энэ тухай Жеймс Бондын тухай романдаа шигтгэсэн гэдэг.
2. Манхэттений төсөл
1945 оны зун тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Трумэн рүү атомын анхны бөмбөгийн туршилт амжилттай болсныг дуулгахаар утас цохижээ. Яг энэ үед Германд дэлхийн бага хурал болж, нацистуудыг ялсны дараах дэлхий ертөнцийн ирээдүйг шийдвэрлэж байлаа. Трумэн энэ мэдээллээ тэнд хүрэлцэн ирсэн Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинд баяртайгаар хуваалцаж гэнэ. Гэтэл Сталин ийм чухал мэдээллийг огт тоолгүй хүлээн авсан нь Трумэнийг багагүй гайхшируулж орхижээ.
Сталин маргааш өдөр нь цөмийн бүх эрдэмтнийг дэргэдээ цуглуулаад, ЗХУ-ыг энэхүү аймшигт шинэ технологиор цэнэглэх даалгавар өгөв. Тоглоомын дүрэм ижил байх ёстой. Баруун давхар тагнуул, эрдэмтэд олон байсан бөгөөд тэд коммунист идеалд талтай ханддаг байв. Энэ бүх хүн ЗХУ-д асуудлыг шийдвэрлэхэд туслахад нь бэлэн байлаа. Ингээд дамжуулсан мэдээллийнх нь ачаар зөвлөлтийн суут эрдэмтэд тэдний эхэлсэн атомын хөтөлбөрийг дуусгаж орхижээ. Түүгээр ч барахгүй зүйрлэх зүйл байхгүй илүү том цөмийн зэвсэг бүтээжээ. Халуун цөмийн цэнэгт хошуу Хаан бөмбөг хэмээх нэр хүртэл авчээ.
ЗХУ, АНУ өөрсдөд нь бие биесээ устгах хангалттай зэвсэг байгааг гэнэт ухаармагцаа мухардмал байдалд орсон аж.
3. Пентагоны баримт
1969 оны намар Дэниел Эллсберг АНУ Вьетнамын дайнд оролцсон асуудлаарх Пентагоны маш чухал судалгаан дээр ажиллаж байжээ. Тэрээр тэнгисийн явган цэрэг байсан бөгөөд өмнө нь Вьетнамд алба хааж байсан гэдэг. Эхэндээ тэрбээр америкчуудыг үйлдлийг дэмжиж байлаа. Гэвч судалгаа явуулсны дараа үзэл бодол нь эрс өөрчлөгдсөн байна. Ерөнхийлөгч Никсоны засаг захиргаа бүгдийг зориудаар төөрөгдөлд оруулсан гэдгийг Эллсберг нээжээ. Тэд цэргийн ажиллагаа унаж байсан ч удахгүй ялах нь гэж итгүүлж үнэмшүүлж байв. Ингээд дайныг Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж байжээ.
Тэнгисийн явган цэрэг асан Эллсберг 7000 орчим чухал мэдээллийг хуулбарлан авсан байна. Дараа нь тэрбээр энэ мэдээллийг барин Конгресст ханджээ. Тэнд түүнийг хэн ч сонсоогүй тул Эллсберг бүх мэдээллээ хэвлэл мэдээллийнхэнд дэлгэсэн байна. Америкийн Ерөнхийлөгч, түүний засаг захиргаа, түүнчлэн эрх бүхий этгээдүүд эсэргүүцэж байсан хэдий ч түүний мэдээллийг хэвлэлүүд олонд цацсан байна.Эллсбергийг мөрдөж мөшгөх болсон ч энэ мэдээлэл задарсны үр дүнд Никсоны улс төрийн карьер бүрмөсөн унасан түүхтэй.
4. Уотергейтийн дуулиан
Пентагоны мэдээлэл шившигтэйгээр задарсны дараа Никсон “Цагаан ордны сантехникчид” хэмээх ажилчдын нууц бүлэг байгуулахыг тушаажээ. Энэ бүлэг нь цаашид дахин ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой. “Сантехникчид” хар жагсаалт гаргаж, түүндээ Никсоныг дахин сонгогдоход саад хийх гэсэн хүмүүсийг жагсааж эхэлжээ. Жагсаалтад сөрөг хүчний улстөрчид, сэтгүүлчид, түүнчлэн Холливудын одод хүртэл багтсан аж. Тэднийг бүгдийг нь мөрдөж мөшгөөд зогсохгүй хамаг муу муухайг нь хэвлэлээр дэлгэж байв.
Гэвч Ерөнхийлөгчийн суудлаа хадгалж үлдэхийн тулд Никсон болон түүний хамтрагчдын хийсэн хууль бус, бузар булай үйлдэл тусыг эс олжээ. Тэр ч байтугай “Уотергейт” зочид буудалд байрлах Ардчилсан намын хорооны төв байрыг тагнаж чагнаж, мэдээллийг нь хулгайлаад ч асуудлыг шийдвэрлэж чадсангүй.
“Сантехникчид” болон Цагаан ордны энэ бохир хэрэгт оролцсон олон хүнийг саатуулсан байна. Эдгээрээс хамгийн том 7 тоглогчийг нь “Уотергейтийн 7” хэмээн нэрийдэж, шүүхэд өгчээ. Ингээд олон бузар булхай ил болсон байна. Никсон огцорсноос асуудлаас ангижирч чадсан гэдэг. Ингээгүй бол тэрбээр дуулиантайгаар огцрох эрсдэлтэй байгаа.
5. Плеймийн хэрэг
Энэ хэргийн түүх тун ярвигтай. Энэ мэдээлэл задруулалт нь зориудаар хорлон сүйтгэх ажиллагаа гэж нэрлэж болно. Энэ асуудлын зангилаа Цагаан ордон руу хүргэдэг. 2003 оны зун Валери Плейм хэмээх нэгэн эмэгтэй үй олноор нь хөнөөх зэвсгээр мэргэшсэн ТТГ-ын тагнуулч байсан нь илчлэгджээ. Энэ бүгд улиг болсон өс хонзонгийн үүдэлтэйгээр хийгджээ. Учир нь Валеригийн нөхцөл нь Жозеф Уилсон байсан гэнэ. Энэ бол Саддам Хусейны цөмийн зэвсгийн тухай хэргийг мөрдөх даалгавар авсан элчин сайд байжээ.
Уилсон маш шударга тайлан гаргажээ. Элчин сайд Ерөнхийлөгч Жорж Бушийн Иракт үй олноор нь хөнөөх зэвсэг байгаа тухай баталгаа нь худал мэдээлэл гэдгийг нотолсноо танилцуулсан байна. АНУ тус улс руу дайран орсноо үүгээр зөвтгөдөг байсан ч зохиомол хэрэг байсан гэжээ. Ингээд Уилсоныг дэмжсэн хэн бүхний амыг хамхихын тулд бүхийг хийжээ.
Хэд хоногийн турш өс хонзонгийн ажиллагаа болсны эцэст хэвлэлүүдээр Валери Плеймийг илчилсэн материал гарч эхэлжээ. Энэ хэрэг түүний карьерт цэг тавьсан нь багахан хэрэг. Учир нь ойр дотны бүх хүн нь үхлийн аюулд оржээ. Уилсон шууд л илчилсэн хэргээс нь болоод өс хонзонгийн ажиллагаа явагдаж байгааг зарласан байна. Хосууд Цагаан ордны албан ёсны хүмүүсийг шүүхэд өгч, тэднийг энэ хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгажээ. Гэвч тэд юу ч олж долоож чадаагүй юм.
6. Wikileaks
2010 оны намар Wikileaks АНУ-ын армийн хээрийн 400 000 орчим тайланд нийтэлжээ. Энэ баримтууд дэлхийн бараг бүх хэвлэлээр цацагдсан юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том мэдээлэл задруулалт болсон байна. Баримтад Америк, Британийн цэргүүд 2004-2009 оны хооронд Иракт дайран орохдоо энгийн иргэдийг хэрхэн эрүүдэн шүүж, хөнөөдөг байсан тухай дэлгэрэнгүй бичлэг багтжээ.
Америкчууд, британичууд энгийн иргэдийн үхэлтэй холбоотой нэг ч статистик хөтлөөгүй гэж зүтгэж байв. Гэтэл тайланд кампанит ажлын үеэр ямар ч гэм буруугүй 66 081 хүн амиа алдсан болохыг заажээ. Үүнээс гадна баривчлагдсан хүмүүсийг ямар нэгэн мөрдлөг шалгалтгүйгээр яаж эрүүдэн тамладаг, цаазалдаг байсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл багтсан байх юм.
Үүний хариуд Пентагон мэдээлэл задруулсныг шүүмжлээд, энэ мэдээлэл нь одоо үйл ажиллагаа явуулж буй дайчдыг аюулд оруулж, дайснуудад цэргийн стандартын тухай үнэт мэдээлэл өгч байна гэж буруушаажээ. Хариуд нь Wikileaks хүмүүсийг хэлмэгдүүлэхгүйн тулд баримтаас бүх нэрийг нь хассан гэжээ. Нийгэм үнэнийг мэдэх эрхтэй гэж тэд үзсэн аж.
7. Эдвард Сноудений илчлэлт
Дэлхий нийт Ассанжийн задруулсан мэдээллийг бүрэн гүйцэд ухаарч амжаа ч үгүй байтал бас нэгэн шинэ давлагаа үүсчээ. Эдвард Сноуден 2013 онд Хонконг руу зугтан гарсан байна. Сноуден бол ТТГ-ын техникийн туслах байсан хүн. Тэрбээр Британийн нэгэн сонинд Америкийн тагнуулчид бүх дэлхий даяар чухал хүмүүсийг тагнаж чагнадаг гэсэн нууц мэдээллийг задруулжээ. Эдвард үүнийхээ хариуд тагнуулын хэрэгт холбогдож, түүний паспортыг эх оронд нь хүчингүй болгожээ. Ингээд тэр Орос руу зугтан гарч, одоо болтол тэндээ амьдарч байна.
Сноуждений дэлгэсэн мэдээлэл нь олон улсын улс төрд бөмбөг тэслэх мэт болсон юм. АНУ улс төрийн дайснууд төдийгүй холбоотнууд гээд бүгдийг тагнаж чагнадаг болж таарчээ. Түүнчлэн цаасан дээр Америкийн нэр нөлөө бүхий олон иргэний нэр багтжээ.
8. Сүүдрийн брокерууд
2017 онд Shadow Brokers (Сүүдрийн брокерууд) нэртэй нэгэн нууц бүлэглэл ил болов. Тэд хамгийн өндөр үнэ санал болгосон хүмүүст хакерын зэвсэг, нууц мэдээлэл, хортой программ хангамж болон бусад кибер зэвсгийг дуудлага худалдаагаар зарж эхэлсэн байна. Онлайн дуудлага худалдаа нь Equation Group, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн удирддаг хакеруудын элит бүлэглэл рүү чиглэсэн ажиллагааны үр дүн байсан юм.
Хакердаж, дуудлага худалдаанд оруулсны хариуд Wikileaks худалдсан бүх зүйлд нэвтрэх эрхтэй болсноо зарлаж, өөрт байгаа бүх мэдээлэл, хэрэгслээ гаргахаар шийджээ.
Энэ мэдээлэл задруулалт Сноудений илчлэлт болон бусад мэдээлэл задруулалттай адил олны анхаарлыг төдийлөн татаагүй юм. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт одоо л үр дагавар нь мэдэгдэж байгаа аж. Хакерын уг бүлэглэлийн нийтэд хүртээмжтэй болгосон кибер зэвсгүүдийг өдгөө дэлхийн олон оронд хэрэглэж байна. Үүний тусламжтайгаар WannaCry, NotPetya зэрэг мөнгө угаагч томоохон программууд ажиллаж байгаа юм. Түүнчлэн Балтимор хотыг хэдэн долоо хоногийн турш барьцаанд авсан кибер халдлага үүнтэй холботой аж.
9. Панамын баримтууд
2016 онд нэгэн хэвлэл хэдэн сая дотоод баримтыг ил болгосон нь дэлхийн хэдэн зуун улстөрч, төрийн албан тушаалтнуудын мэдээллийг олонд задалж орхижээ. Эдгээр хүмүүс нь Панамын оффшор хуулийн фирмүүдтэй ажиллаж байсан нь ил болжээ. 50 гаруй улсын нийгмийн зүтгэлтнүүдийг энэ баримтаас болоод авлига, мөнгө угаасан хэрэгт буруутгасан байна. Уг илчлэлтийн улмаас Исландын Ерөнхийлөгч огцроход хүрсэн юм.
Баримтаар оффшорын дуулианд холбогдсон хүмүүсийн тоонд Украины тухайн үеийн ерөнхийлөгч Пётр Порошенко, Саудын Арабын хаан, Аргентины ерөнхийлөгч, Австралийн ерөнхий сайд болон 7 улсын төрийн тэргүүн, тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс оржээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путины холбоотнууд ч мөнгө угаах олон тэрбумын сүлжээтэй байсан нь үүгээр илэрсэн юм.
Панамын баримт дээр шинжээчид одоо ч ажилласаар байна. Асар их мэдээллийг боловсруулахад асар их цаг хугацаа орох төлөвиэй байна.
10. Пандорагийн баримтууд
“Панамын баримт”-ыг бодвол “Пандорагийн баримт” нэрийн хувьд ч илүү гүн гүнзгий. Хоёуланг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мөрдөн шалгаж нийтэлсэн бөгөөд хоёуланд нь баян, нөлөө бүхий хүмүүс өмч хөрөнгө авах, асар их хөрөнгөө нуух, татвараас зайлсхийх зорилгоор нууц компани байгуулсантай холбоотой мэдээлэл агуулдаг.
Пандорагийн баримт нь 12 сая орчим файлаас бүрддэг бөгөөд 2021 оны аравдугаар сард ил болгожээ. Уг баримт ил болохтой зэрэгцэн Иорданы хаан Абдалла, Катарын эрх баригч гэр бүл, Чехийн ерөнхий сайд, Их Британийн ерөнхий сайд Тони Блэр, Оросын ерөнхийлөгч Владимир Путин зэрэг олон алдартны нэр ил болж эхэлсэн юм.
Панамын баримтад тайлбарласан аргын дагуу асар их хэмжээний мөнгийг дэлхий даяар өмч хөрөнгө худалдан авахад зарцуулж, ийм байдлаар татвараас зугтаж, өөрийгөө хэн гэдгийг нууж чаджээ.
Хэдийгээр энэ ажиллагаа нь хууль бус биш боловч үүнийг ихэвчлэн гэмт бүлэглэлүүд хууль бус орлогоо нуух, нэрээ нууцлах зорилгоор ашигладаг байна. “Пандорагийн баримт” нь “Панамын баримт” шиг бүрэн тайлж, мэдээллийг задлахын тулд нэлээд олон жил шаардагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: kulturologia.ru
Орчуулсан Э.МАРТ
1 comment
Ogoomor zahiin dalii dashaa hogiin hulgaich shuu