УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар цаг үеийн мэдээлэл сонсож, үйл ажиллагааны төлөвлөгөөний санал хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд туссан УИХ-ын Хянан шалгах Түр хороо Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа байгуулагдан ажиллаж байна. Хөгжлийн банкны зээлд буруутай этгээдүүдийн үйлдсэн хэрэг, учруулсан хохиролд нь таарсан шийтгэл оноож, учирсан хохирлыг нь бүрэн төлүүлж шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилгоор УИХ-ын Хянан шалгах Түр хороо ажиллаж байгаа юм. Тийм учраас Хөгжлийн банкны удирдлагууд болон прокурорын байгууллагын албан тушаалтнуудаас хэд хэдэн асуулт тавьж, хариулт авлаа.
Хөгжлийн банкны олгосон нийт зээлийн 69.2 хувь нь барьцаа хөрөнгө хангалтгүй байгааг банкны удирдлагууд хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурьдсан байсан. Шүүхийн шийдвэр гарсан гуравхан зээлдэгч бий. Тэр нь ТОСК, Чингис хаан банк, Энсада компани л байгаа. 25 нэхэмжлэл нь 3 шатны шүүх дээр явж байгаан байна. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээлдэгч нарын улсад учруулсан хохирлыг зээлдэгч нарын эх үүсвэрээр бүрэн барагдуулж чадах уу?
Хөгжлийн банкны зээл олгох шийдвэрт ТУЗ-ийн зүгээс нэгбүрчлэн шийдвэр гаргадаг, хяналт тавьдаг байсан нь ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын хоорондын харилцаа алдагдсан гэж танай мэдээлэлд дурьдагджээ. Энэ тухайд яг ямар шинэчлэл өөрчлөлт хийх гэж байна вэ?
Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.1-д Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэж заасан атал 2019 онд ЗГ, Монгол банкны хамтарсан шалгалтаар 53 зээлд шалгалт хийснээс 47.2 хувь нь санхүүжилт олгох шаардлага хангаагүй гэж гарсан байдаг. НВЦ, Вестерн холд зэрэг компаниудад шаардлага хангаагүй байхад зээл олгосон байдаг. Тэгвэл энэ асуудалд буруутай ямар ямар этгээдүүдэд мөрдөн шалгалт явуулж байгаа вэ?” хэмээн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлэв