Технологийн хөгжлийн үсрэнгүй хөгжлийн улмаас бид өдөр тутамдаа маш олон нууц үгийг цээжлэх шаардлагатай тулгарч байна. Өдөр тутам хэрэглэдэг нууц үгээ мартахгүйн тулд бичиж тэмдэглэх тохиолдлууд л ч гардаг. Үүнээс болж бусдад нууц үгээ алдаж, өөрийгөө эрсдэлд оруулах, ялангуяа санхүүгийн аюулгүй байдал алдагдахад хүрдэг жишээнүүд олон бий.
Та нууц үгээ хэрхэн хамгаалах вэ, алдсан бол яах вэ, нууц үгийг хэрхэн зохиовол чамд аюулгүй вэ, нууц үг гэж юу вэ гэх ойлголтыг та бүхэнд өгөе.
Нууц үгээ алдсан бол…
Та цахим хуудас, эсвэл интернэт банк гэх мэт өдөр тутамдаа хэрэглэдэг цахим хэрэглээнийхээ нууц үгийг хэн нэгэнд алдсан гэж бодож байгаа бол яг одоо и-мэйл болон гар утсандаа нэг удаагийн нууц үг авч, хуучин нууц үгээ солих хэрэгтэй.
Та ийм үйлдэл хийх гэж байгаа бол и-мэйл хаяг болон гар утасны дугаараа цахим флатформд үнэн зөв бүртгүүлсэн байх ёстойг анхаар. Банканд ч гэсэн ялгаагүй энэ шаардлага тавигддаг.
Жишээлбэл, Хаан банк нууц үг сэргээх зөвлөмжийг уншигчиддаа ийнхүү өгсөн байдаг.
ХААН БАНК
Нууц үгээ сэргээхийн тулд дээр дурдсан нэг удаагийн нууц үгийг ашигладаг. Ямартай ч та өөрийн нууц үгээ мартсан бол тухайн ашиглаж буй аппликэйшн, програмаасаа шууд сэргээх боломжтой. Жишээлбэл, ХААН Банкны онлайн банкны үйлчилгээний нууц үгээ мартсан тохиолдолд өөрийн аппликэйшнээр болон www.khanbank.com цахим хуудсаар дамжин “Нууц үг сэргээх” цэсэнд хандаж, регистрийн дугаараа оруулж, утасны дугаар эсвэл и-мэйл хаягтаа (таны сонголтоор) идэвхжүүлэх код авна. Тус кодыг оруулснаар нууц үгээ шинээр тохируулах боломжтой болдог. Ингэхдээ дээр дурдсан, зөвхөн таны л мэдэх нууц дүрмийн дагуу тохируулаарай. Мөн энэ тохиолдолд та гар утас болон и-мэйлээ шууд шалгах боломжтой байх ёстой. Банкны зүгээс гар утасны дугаараа өөрчилсөн бол банканд хандаж тэмдэглүүлээрэй гээд байдаг нь ийм учиртай. Аливаа үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна тохиолдож болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм.
Ер нь бол банкны аюулгүй байдал маш чухал. Иргэн та санхүүгийн цахим хэрэглээндээ маш сайн анхааралтай байхгүй бол эдийн засгийн маш их эрсдэлд орох аюултай. Анхаарал болгоомжгүй, цахим сүлжээнд өөрийн мэдээллийг нээлттэй байлгаснаас үүдэж, олон сая төгрөгөөр хохирч буй тохиолдлуудын талаар банкны холбогдох мэргэжилтнүүд болон цагдаагийн байгууллагаас хүмүүст цаг тутам анхааруулсаар байгаа гэдгийг сануулъя.
Та хэний ч санаанд оромгүй нууц үгийг хэрхэн зохиож болох вэ
Таны хамгийн анх цахим орчинд оруулж байсан нууц үг юу байсан бэ?
Таах гээд оролдоод үзье.
Магадгүй “pass123”, “таны нэр+төрсөн он”, “таны нэр+утасны дугаар” байх. Хэрэв та зөвхөн өөртөө зориулж, эргэн санахад амар гээд өөрийнхөө хаа ч нээлттэй байдаг мэдээллийг нууц үгэндээ ашиглавал, бусад хүн ч гэсэн таны нууц үгийг түвэггүй олох боломжтой гэсэн үг. Иймд аль болох хэний ч санаанд оромгүй, таны хувийн мэдээлэлтэй ямар нэг байдлаар холбоогүй нууц үг үүсгэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Нэг сонирхолтой жишээ дурдахад та аль нэг өгүүлбэрийг товчилж, нууц үг үүсгэх боломжтой. Доорх жишээгээр харуулъя.
Мөн emoji ашиглах нь эргэн санахад хялбар мөртлөө тийм ч хялбар таах боломжгүй нууц үгийн тоонд ордог. (Жишээлбэл: :p , =o , ;0 , :* , @_@) Зарим хүн нууц үг нээдэг, хадгалдаг програм ашиглах нь бий. Хэрэв тийм боломжийг сонирхож байвал ЭНД дарж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Эцэст нь танд л гэж хэлэхэд интернэт хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл байдаг дараах нууц үгсийг хэзээ ч, хэзээ ч бүү ашиглаарай. (qwerty, password, 12345, qwerty123, 1q2w3e, 12345678, 111111, 1234567890)
Нууц бол нууц л байх ёстой
Та өөрийн фэйсбүүкийн нэвтрэх нэр болон нууц үгээ яг одоо цээжээрээ хэлэх гээд оролдоод үз дээ. Хэрэв чадаж байвал танд баяр хүргэе. Харин шууд хэлж чадахгүй хэтэрхий олон нууц үг, нэвтрэх нэрэн дундаа төөрч орхисон бол яах вэ? Гар утсаа зараад л фэйсбүүктээ нэвтэрч чадахгүй болсон тохиолдол ойрын танилууд дотор цөөнгүй бий. Дээр дурдсанчлан бид өдөр тутамдаа хэд хэдэн өөр төрлийн нууц үг ашигласнаар түүнийгээ хэрхэн хадгалах учраа олдоггүй. Тэгвэл эдгээр нууц үгээ хаана, хэрхэн хадгалах вэ? Ихэнх хүн тэмдэглэлийн дэвтэр, гар утас, вэб хөтөчдөө сануулах байдлаар хадгалдаг. Гэвч та тэдгээр зүйлсээ хэн нэгэнд алдвал яах тухай бодож үзсэн үү? Муугаар бодоход, гар утсаа хулгайд алдчихвал зөвхөн үнэтэй эд зүйлээрээ хохироод зогсохгүй дээр нь байгаа бүхий л хувийн мэдээллээ алдаж орхино. Таны мэдээлэл, нууц үгийг гартаа оруулсан хэнд ч банкны аппликэйшнээр тань дамжуулан гүйлгээ хийх боломж нээлттэй. Учир нь та бүх нууц үгээ утсан дээрээ хадгалчихсан шүү дээ. Үүнд и-мэйл хаяг ч мөн орно. Нууц үгээ бүгдийг нь бичээд өөр лүүгээ и-мэйлдсэн гэх хүнтэй таарч байсан тул онцгойлон анхааруулж байгаа юм. Учир нь гар утсаа алдвал бүх мэйлийг тань нээж унших боломжтой гэдгийг санаарай.
Иймд нууц үгээ нууц л байлгах хэрэгтэй. Харин нууцлахын тулд та анхнаасаа тогтсон нэг дүрмээр нууц үг зохиож хэвшвэл хялбар. Жишээ татъя л даа. Би нууц үг зохиохдоо, эхлээд өөрийнхөө шүтдэг хөлбөмбөгчний товчилсон нэрийг оруулдаг. Түүнийг David Beckham буюу нэрийг нь DB гэж товчилдог. Дараа нь дунд сургуульд байхдаа ашигладаг байсан утасны дугаараа оруулна. Энэ удаад бүгдээрээ 9999-9999 гэж төсөөлье. Ихэвчлэн тэмдэгт шаарддаг тул сүүлийн хоёр орныг $$ тэмдгээр тохируулдаг. Мөнгөтэй болно хэмээн бэлгэшээдэг юм. (Инээв.) Харин дараа нь тухайн програм, аппликэйшний товчилсон нэрийг жижиг үсгээр оруулна.
Одоо бүгдээрээ фэйсбүүкийн нууц үгийг маань нийлүүлж үзье: DB999999$$fb. Тэгвэл твиттерт энэ нууц үг маань DB999999$$tw гэх мэтээр хувираад явна гэсэн үг. Нэг ёсондоо та өөрийн дүрмээ л санаж байхад аль ч нууц үгээ хэзээ ч мартахгүй болчихож байгаа юм. Ингэснээр хамгийн аюулгүй газар болох оюун санаандаа нууц үгээ итгэлтэй хадгалж болно.