“Капитал банкны өрөнд авсан орон сууцнуудаас ЭМДЕГ-ын ажилтнуудад өгсөн” гэх шуугиан энэ долоо хоногийн гол дуулианы нэг байлаа. Байнгын хорооны хуралдаан дээр уг асуудал яригдахад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Капитал банкны өрөнд нэлээд хэдэн объект авсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 онд баталсан журамд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан байдаг.
Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манайх Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. Үүний 19 нь 80 хүртэл м.кв хэмжээтэй. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм” гэх тайлбарыг өгч байсан юм.
Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.АУБАКИР “-Эрүүл мэндийн даатгалын газрын ажилчид “Капитал” банкнаас хураагдсан үл хөдлөх хөрөнгөөс орон сууц авсан асуудал яригдаж байна. “Капитал” банк НДЕГ, ЭМДЕГ-т өртэй. НДЕГ ажилчиддаа зээлээр орон сууц худалдан борлуулж байгаа юу. Хураагдсан орон сууцыг дарга нар зээлээр хувааж аваад байна гэдэг хардлага бий. Яг ямар ажилтан орон сууц авсан юм бэ” гэх асуултад,
НДЕГ-ын дарга Д.ЗОРИГТ “НДЕГ “Капитал” банкны хүлээн авагчаас 20 орчим тооны орон сууц авсан. Энэ орон сууцанд өнгөрсөн онд үнэлгээ хийлгээд АТГ, Эрүүгийн цагдаагийн газар хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Уг үнэлгээгээр авсан. Гэхдээ эдгээр орон сууц одоогийн байдлаар дугаарлалт аваагүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь гараагүй байна. Тиймээс өнөөдөр худалдан борлуулаагүй. Цаашид хэн нэгэн хүнд давуу байдал олгохгүй. Нээлттэй дуудлага худалдаагаар худалдана” гэх тайлбарыг өгөв.