Украинд тусламж үзүүлэхэд зориулж 40 тэрбум ам.доллар шуурхай горимоор хуваарилах тухай хуулийн төслөөр АНУ-ын Сенат зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Бүгд найрамдах намын сенатч Рэнд Пол уг хуулийн төсөлд Холбооны байцаагчдаар зардлын аудит хийлгэх заалт нэмж тусгахыг шаардан хориг тавьжээ. Конгрессын доод танхим бараг 40 тэрбум долларын өртөгтэй уг хуулийн төслийг энэ сарын 10-ны өдөр баталсан. Тэр үед Конгрессын 367 гишүүн дэмжиж, 57 гишүүн эсрэг санал хураалгасан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зориулан Конгрессод 33 тэрбум долларын хүсэлт гаргасан боловч Конгрессын гишүүд үүн дээр нэмэлт зардал тусган өсгөсөн. Энэ бүх санхүүжилтийг эцсийн байдлаар шийдэж баталгаажуулахын тулд Сенатаар батлуулж, Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой юм. Сенатын гишүүдийн тухайд дийлэнх хувь нь энэ баримт бичгийг дэмжих байр суурьтай байгаа тул энэ долоо хоногт багтаан зөвшилцөж дуусна гэж төлөвлөж байжээ. Учир нь өмнө хуваарилсан хөрөнгийн зарцуулалт энэ сарын 19-ний өдрөөр дуусгавар болж байгаа юм. Гэвч сенатч Рэнд Пол 40 тэрбум доллар хэрхэн зарцуулагдах байдалд хяналт тавих тусгай байцаагч томилох заалт нэмж тусгах шаардлага тавьж байна. Энэ шалтгаанаар уг баримт бичгийг батлах санал хураалт хэд хоногоор хойшлон ирэх 7 хоногт явагдахаар болж байна.
Эх сурвалж:Moнголын мэдээ