УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын чөлөөт үлдэгдлийн асуулгын хариуг сонсч байгаа юм. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал “Ард түмний хөдөлмөрлөсөн хөлсний дусал нийлж байж Нийгмийн даатгалын санг бүрдүүлдэг. Энэ бол төрийн мөнгө биш. 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тогтолцоонд шилжээд, иргэд өөрсдөө шимтгэлээ төлдөг болсон. Гэтэл иргэдийн төлсөн шимтгэлээс бүрдсэн санг тодорхой хэсэг хариуцлагагүй албан тушаалтнууд, хувийн банкууд хүү амласны төдийд аваачиж хадгалуулснаас болж “Капитал” банкны асуудал үүссэн. Одоо улиг домог болсон сэдэв. Наадах чинь яах вэ гэдэг болжээ.
“Капитал” банкинд байсан НДС-гийн 104 тэрбум төгрөгөөс 30.4 тэрбумыг барагдуулсан гэж хариуллаа. Үлдсэн 73.9 тэрбум төгрөгийг хэзээ барагдуулах вэ? ЭМДС-д хадгалагдаж байсан 136 тэрбум төгрөг барагдуулалт ямар шатандаа байна вэ?
2015 онд “Капитал” банкинд НДС-гийн чөлөөт үлдэгдлийн 34 хувийг тус банкинд хадгалж байжээ. Энд ашиг сонирхол байна. 2014 онд “Капитал” банкинд хадгалагдаж байсан 2019 тэрбум төгрөг тус банкны активын 25 хувийг эзэлж байсан ч та бүхний асуулгад “Мөнгөн хадгаламж байршиж байгаа банкинд тавигдах шаардлага дотор мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны нийт активын 15 хувиас хэтрэхгүй” гэсэн журамтай.
Гэтэл “Капитал” банкинд активын 25 хувийг эзлэх хэмжээний 209 тэрбум төгрөг дараа нь 2015 онд журмаа барихгүйгээр нэмэгдүүлээд 238 тэрбум төгрөгийг нэмэгдүүлсэн нь банкны активын 32 хувийг эзэлж байсан. Тэгэхээр тухайн үед НДЕГ-ын албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор дээрх мөнгийг байршуулсан байна.
Яагаад ингээд байршуулсан юм бэ. Тухайн үед НДЕГ-ын удирдлагууд, үндэсний зөвлөлийн ямар албан тушаалтан байсан юм бэ. Гэтэл тэр буруутай этгээдийг 12 сая төгрөг, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаад иргэдийг хохироох юм уу?”
НДЕГ-ын дарга Д.Зоригт “2016 оноос хойш “Капитал” банкинд нэмж мөнгө байршуулаагүй. Өмнө нь журмаа зөрчөөд, мөнгө байршуулсан талаар хууль хүчний байгууллагууд шалгаж байна. Тэр шалгалтын явцыг сайн мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкинд мөнгөн хадгаламжийг байршуулаагүй.
Н.Учрал гишүүний хэлснээр Нийгмийн даатгалын багц хуульд цаашдаа Засгийн газрын бонд, төв банкны үнэт цаас авах, нөгөө талаар арилжааны банкинд байршуулах болбол системийн ач холбогдол бүхий банкинд байршуулах, нөгөө талаар олон улсын зээлжих зэрэглэлээс үнэлгээ авсан үнэт цаас бүхий хөрөнгүүдэд НДС-гийн хөрөнгийг байршуулах хуулийн заалтыг оруулах хэрэгтэй”