Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ.
Тодруулбал, Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо “ТЭДИ” төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг хийх юм байна.
Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Зорчих хэсгийн хучилтыг хийхэд зам зайлшгүй хаах шаардлагатай.
Хучилтаас бусад ажлын үед замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Хучилтын ажлын хэмжээнээс шалтгаалан зам хаах хугацааг тогтооно. Богино замуудыг нэг өдөр л хаана. Харин урт хэмжээний замуудыг 1-2 хоног хаах юм. Зам хаах болон хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх мэдээллийг засварын ажил эхлэхээс 3-5 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдэгдэнэ” гэлээ.