Монакогийн тэргүүн гэр бүлийн амьдралтай холбоотой томоохон дуулиан дэгджээ. Тус улсын вангийн гэргий 44 настай Шарлен нөхөр II Альбертайгаа нууц гэрээ байгуулжээ. Энэ гэрээ ёсоор Шарлен вангийн хатны үүргээ гүйцэтгэснийхээ төлөө жилд 12 сая гаруй евро авахаар болсон гэнэ. Энэ тухай Францын Voici сайтад бичжээ.
64 настай вангийн гэр бүл сүүлийн нэг жилийн хугацаанд нэлээд асуудалд ороод буй. Олон хүн түүний гэргий Шарленыг алга болсныг гайхаж, түгшиж байв. Эхлээд тэрбээр онгон байгаль дээрх хирсийг хамгаалах сайн үйлсийн аянд оролцож байхдаа халдвар авч, Өмнөд Африкт 10 сарыг өнгөрөөсөн. Гэхдээ түүнийг ямар халдвар авсныг хэвлэлүүд одоо болтол мэдэж чадаагүй. Ингээд төрсөн нутагтаа эмчлүүлж байгаад өнгөрсөн оны сүүлчээр Монакодоо эргэн ирсэн боловч удалгүй Швейцарт эмчлүүлэхээр явсан байна. Ордны ойрын эх сурвалжууд Шарленыг хөрөнгөтэй, чинээлэг хүмүүсийн үйлчлүүлдэг сэтгэл зүйн эмгэгийг эмчилдэг үнэтэй сувилалд амарсан гэжээ.
Вангийн гэргий энэ хавраас дахин олны өмнө гарч ирсэн байна. Тэрбээр маш их турж, урт сайхан үсээ тайруулжээ.
Ийнхүү тэдний гэр бүл дахин нэгдэх мэт болсон ч албат иргэд нь үүнд төдийлөн итгэлгүй байна. Улаан өндөгний баярын зураг дээр II Альбер гэргий, 7 настай ихрүүдтэйгээ хамтдаа зураг авахуулахад сэтгүүлчид уруу дорой царайлсан Шарлен, аз жаргалгүй хүүхдүүдийг анзаарчээ.
Улаан өндөгний баярын дараа вангийн хатан олны өмнө байнга гарч ирэх болсон. Тэрбээр Formula E World Championship уралдаанд нөхрөө даган явж, дараа нь Сент-Девотод регбигийн тэмцээнд үзэгдсэн байна.
Францын сайт Шарленыг зүгээр ч нэг олны өмнө гараагүй хэмээн баталж байгаа юм. Үүнийг Paris Match Belgium баталж, II Альбер хамтдаа арга хэмжээнд оролцсоныхоо төлөө эхнэртээ сайн дураараа мөнгө төлж буй гэжээ. Вант улс жил бүр энэ гэр бүлд 45 сая евро гаргадаг ч гэр бүлийн зарим гишүүн нь үүргээ гүйцэтгэснийхээ төлөө нэмэлт төлбөр авдаггүй байна.
Харин Альбер хууль ёсны гэргийдээ яагаад мөнгө төлөх гэж байгаа нь нууц хэвээр үлдэж байна. Тэднийг салах магадлалтай гэсэн цуу яриа ч гарч байгаа юм. Тусдаа амьдарсан 10 сарынхаа хугацаа нь вангийн гэргийн нууц өвчин биш, харилцаа нь хүндэрсний шинж хэмээн хүмүүс харж байгаа аж.
Харин одоо Монакогийн албатууд тавдугаар сарын сүүлчээр тэднийг Гран-при Formula 1, долоодугаар сарын 8-нд буяны үдэшлэгт харах үлдээд байна.
Эх сурвалж: Kr.ru
Орчуулагч: Э.Марта