ЭМДЕГ-ЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН ТАЙЛБАР ХИЙВ
“Капитал банкны өрөнд авсан орон сууцнуудаас ЭМДЕГ-ын ажилтнуудад өгсөн” гэх мэдээлэл нь олон нийтийн анхаарлын төвд орж, нэлээн шүүмжлэл дагуулаад байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдээллийг мушгин гуйвуулж, улс төрийн зорилгоор “сэвж” байна гэж үзэж байгаагаа илэрхийлэн, тайлбар хийжээ.
Тэрбээр “За, Капитал банкны өрөнд хураагдсан орон сууцыг ЭМДЕГ худалдан борлуулахтай холбогдсон мэдээллийг хэрхэн мушгин гуйвуулж, улс төрийн зорилгоор “сэвж” байгаа үйл явцыг нэлээд ажиглалаа. Ямар ч хууль зөрчөөгүй учир үнэн аяндаа тодорч, ус тосоороо ялгарна гэж итгээд сошиал постуудтай зэрэгцэн яаран сандран тайлбар мэдэгдэл хийхийг ч хүссэнгүй. Гэтэл ажил хариуцсан хүний хувьд хэдэн үг хэлэхгүй бол болохгүй юм байна.
УИХ-аас байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэж бий. Уг зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журамд “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Бид энэ хүрээнд авлагад хураагдсан 29 орон сууцнаас ипотекийн зээлд хамрагдах боломжтой буюу 80 м.вк-аас доош хэмжээтэй 19 орон сууцыг худалдан борлуулахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 5 иргэний ипотекийн зээл шийдвэрлэгдсэн бөгөөд арилжааны банкнаас даатгалын санд төвлөрүүлэх юм.
Үлдсэн 80 м.кв-аас дээш талбайтай орон сууцыг нээлттэй дуудлага худалдаанд оруулна.
Цөөхөн тоотой орон сууц гэдгийг Та бүхэн ойлгож байгаа байх. ЭМДЕГ-т ажилладаг жирийн албан хаагчдаа дэмжих л зорилготой. Түүнээс биш энэ тэнд бичээд сэвээд байгаа шиг хэдэн дарга нартаа том м.кв-тай байр шахаад байгаа юм байхгүй.
Миний оронд ямар ч дарга байсан хууль журмаараа боломжтой байхад цөөн ч гэсэн хэдэн албан хаагчаа цалингийнх нь зээлийн хүрээнд байр сууцтай болгочихьё гэж бодож л таарна. Байрны төлбөр 100 хувь Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрч байгаа.
Бид өрөнд хураагдсан байрыг хэзээ хэнд зарагдаж, төлбөр нь даатгалын санд орж ирэхийг хүлээж зүгээр суулгүйгээр төрийн албан хаагчдаа дэмжсэн, нөгөө талдаа улсаа ч хохиролгүй болгох менежмэнт л хэрэгжүүлсэн төдий.
Үүнийг мушгин гуйвуулж, албан тушаалаа ашигласан мэтээр сэвж байгаад үнэхээр харамсаж байгаа ч хуулиас гадуур, эрх мэдэл хэтрүүлсэн нэг ч үйлдэл байхгүй учир төдийлөн санаа зовохгүй байгаа юм. Цаашид мэдээлэл бэлтгэж байгаа нь ч, түгээж байгаа нь ч асуудлаа ойлгож, үнэн зөв бодитой хандаасай гэж хүсэх байна” гэжээ.
БАЙНГЫН ХОРООН ДЭЭР ЮУ ЯРИГДАВ
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонссон.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “Капитал банкны өрөнд авсан орон сууцыг Нийгмийн даатгалын сангийн ажилчдад өгсөн гэдэг мэдээлэл яваад байна. Үүнд хариулт өгнө үү” гэсэн юм. Гишүүний асуултад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн “Капитал банкны өрөнд нэлээд хэдэн объект авсан. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс 2021 онд баталсан журамд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно” гэж заасан байдаг.
Бид Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг ажилтан, албан хаагчдадаа зүгээр өгөөгүй. Албан хаагчид маань үнийн дүнгээр нь банкны зээлд хамрагдаад авах боломжийг олгосон. Манайх Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууц хүлээн авсан. Үүний 19 нь 80 хүртэл м.кв хэмжээтэй. Манай ажилтнууд банкны зээлд хамрагдсанаар, мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын санд шилжиж ирэх юм.
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг “36 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 объектыг банкны эрх хүлээн авагчаас авсан гэж байна. Эдгээр орон сууцнуудаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудыг ипотекийн зээлд хамруулсан. Гэхдээ хууль зөрчөөгүй, өөрсдөө журам гаргаад хамруулж. Тэгвэл өндөр ачаалалтай ажилладаг эмч, сувилагч, асрагч нарыг ипотекийн зээлд хамруулах асуудлыг ярилцсан уу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Эрүүл мэндийн үндэсний зөвлөл дээр Капитал банкнаас үл хөдлөх хөрөнгүүд өрөндөө авсан. Бид хамгийн түрүүнд Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх ёстой. Мэдээж эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд онцгой анхаарч байгаа. Капитал банкны өрөнд авсан байрнуудын үнэ харьцангуй өндөр байдаг. Тиймээс сувилагч, асрагч нартаа өгөхөд асуудалтай юм билээ”.
УИХ-ын гишүүн П.Анужин “Ард иргэдийн өрөнд авсан байрыг ажилтнууддаа өгнө гэдэг журам гаргахыг та нарт хэн зөвшөөрсөн юм. Тэр хүмүүс ямар шалгуураар авсан бэ?”
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Дэмбэрэл “Үндэсний зөвлөлөөс өрөнд авсан орон сууцыг борлуулж, орлогыг нь төвлөрүүлэх тухай журам гаргасан. Манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудаас тэр орон сууцнуудаас авсан хүн байгаа бол орлогыг нь нэн даруй буцааж оруул, Л.Бямбасүрэн дарга аа. Даатгалын санг хохироох ёсгүй. Бид хяналт тавья. Үндэсний зөвлөлөөс гаргасан журамд заавал өөрийн ажилтнууд гэж заагаагүй” гэжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦЪЯ
Байнгын хороон дээр ийм яриа өрнөсөн байгаа юм. М.Оюунчимэг гишүүний асууж байгаа шиг цалин багатай энгийн ажилтнууд нь ипотекийн зээлээр уг байрыг авсан бол асуудал өөрөөр яригдах байх. Гэхдээ үүнд орлого багатай ажилтнууд хамрагдаж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй, мэдээлэл нь тодорхой биш байгаа юм.
Эрүүл мэндийн сайдын хэлж байгаагаар бол уг байранд орлого багатай хүмүүс нь хамрагдах боломжгүй гэж байна. Тэгэхээр энэ байранд хэн хамрагдсан бэ гэдэг мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар олон нийтэд дэлгэрэнгүй, нээлттэй мэдээлэл өгөхөд нийгэмд үүсээд байгаа маргааныг таслан зогсоох чухал ач холбогдолтой. Тиймээс мэдээллийг нээлттэйгээр олон нийтэд хүргэнэ байх гэж найдаж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгийн тайлбараар “УИХ-аас байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2021 онд 11-р тогтоолоороо ЭМД-ын сангийн авлагад үл хөдлөх хөрөнгийг хүлээн авах, хадгалах, хамгаалах, ашиглах, түрээслэх, худалдан борлуулах журмыг баталсан байна.
Уг журамд “ЭМДЕГ нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын албан хаагчид болон иргэн, хуулийн этгээдэд зах зээлийн ханшаар банкны зээл болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ” гэж заасан байна. Тэгэхээр энэхүү журмын дагуу асуудал шийдэгдсэн байх нь.
УИХ-ын гишүүд чухам юу хүсээд байгаа нь дэндүү ойлгомжгүй. УИХ-аас гарсан ажлын хэсгийн журамласан тогтоолын дагуу ажил явагджээ. Гэхдээ байнгын хороон дээр асуудал өөрөөр яригдсан байна. Тэгвэл энэ асуудлын алдаа завхрал нь хаана байна вэ. Байнгын хорооны хуралдаа дээр яригдсан асуудал ямар ч гарц шийдэлгүй, нийгэмд үл ойлголцол үүсгэсэн, хэрүүлийн сэдэв гаргасан хэмжээний л хэлэлцүүлэг болж.
Байнгын хорооны гишүүд болон ажлын хэсэг, холбогдох албаны хүмүүс хаа хаанаа энэ асуудалд дүн шинжилгээ хийж, олон нийтэд зөв, ойлгомжтой, тодорхой тоо баримттай мэдээллийг өгөх шаардлагатай байна.
УЛС ТӨРЧИД НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ БОХИРДУУЛЖ БАЙНА
Монголын улс төрийн үйл ажиллагаа судалгаа, шинжилгээн дээр явагдахаа болиод удаж байна. Уг нь УИХ бодлого тодорхойлох байгууллага, гишүүд бодлого тодорхойлогчид. УИХ-ын үйл ажиллагаа, хуралдаанаас гарч байгаа аливаа шийдвэр, гишүүдийн хэлж байгаа үг нь нийгмийнхээ сэтгэл зүйд асар их нөлөөлдөг. Тиймээс гишүүд хариуцлагаа ухамсарлан амнаасаа гарч байгаа үгэнд анхаармаар байна.
Үнэндээ бол гишүүд нийгэмд дуулиан дэгдээгч болж хувираад байгаа. Төрийн өндөр албан тушаалтнуудын өөрийгөө рекламдах гэсэн өчүүхэн ашиг сонирхол нь ташаа, худал мэдээлэл нийгэмд түгэх гол шалтгааны нэг болж байгаа гээд хэлчихэд нээх хол хэтрүүлсэн болохгүй биз ээ.
Байнгын хороо болон чуулганы хуралдааныг ажиглахад УИХ-ын гишүүн нь ч тэр, асуултад хариулж байгаа албаны хүний нь ч тэр “таарсан таар шуудай”. Асуулт асуух, үг хэлэх боломжийг өөрийгөө рекламдах боломж гэж олж харсан зарим гишүүд аливаа асуудлыг хэтэрхий дуулиантайгаар сенсаци хөөсөн байдлаар асуудаг. Харин албаныхан оновчтой, тодорхой хариулт өгөхгүй, ямар нэгэн буруу зүйл хийсэн аятай бөөрөнхийлдөг. Энэ нь нийгэмд тодорхойгүй байдал үүсгэж, хардлага сэрдлэгэ газар авахад нөлөөлж байна.
Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнуудын хийрхэл нийгмийнхээ сэтгэл зүйд асар хортойгоор нөлөөлж байгааг ухаарч, ойлгох шаардлага тулгарчээ эрхэм гишүүд ээ, албан тушаалтнууд аа, шийдвэр гаргах түвшний эрхмүүд ээ!!!
Н.Чинзориг