Хар тамхи, хүчингийн хэрэг, хүүхдүүд нь болон өөрсдөө өвчин гээд олон зүйлийг тэд туулжээ. 1990-ээд онд олон сая шүтэн бишрэгчийнхээ шүтээн нь байсан тус хамтлаг ирэх 2023 онд 30 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ хугацаанд Backstreet Boys хамтлаг 9 цомог гаргаж, хэд хэдэн кинонд тоглож, Гиннесийн рекордын номонд хамгийн ашигтай ажилласан залуучуудын дууны төсөл гэдгээр бичигджээ. Тэдэнтэй хамт өсөж том болсон олон фэн нь тэднийг одоо юу хийдэг бол гэж сонирхож суугаа нь лавтай.
Бүх зүйл эхэлсэн 1993 он
1993 онд кастингт оролцож байсан 15 настай Эй Жей Маклин, 20 настай Хауи Дороу, 13 настай Ник Картер нар нэгдсэнээр Backstreet Boys хамтлаг байгуулагдсан түүхтэй. Дараа нь тэдэн дээр 22 настай Кевин Ричардсон нэгдэж, тэрбээр өөрийн үеэл, 18 настай Брайан Литтреллийг “уруу” татжээ. Хөвгүүдийн хамтлагийг 1980-аад оны сүүлчээр байлдан дагуулж байсан New Kids on the Block-ийн амжилтыг давтах мөрөөдөлд автсан продюсер Луис Перлман далбаандаа авчээ.
Залуу дуучдын анхны тоглолт нэр шигээ даруухан болов. («Backstreet Boys» гэдгийг англи хэлнээс хөрвүүлбэл “арын гудамжны хөвгүүд” гэсэн утгатай. Хөвгүүдийн оройн цагаар цуглардаг байсан газрын захыг ингэж нэрлэдэг байв) Тэд 1993 оны тавдугаар сарын 8-нд далайн эргийн үйлчлүүлэгчдийн өмнө дуулжээ. Дараа нь тэд сургууль, худалдааны төв, шөнийн клубүүдийн мини концертуудад тоглож байжээ.
1994 он: Европыг чиглэв
1994 хоёрдугаар сард тэдгээр хөвгүүд шоу бизнест томчууд шиг хандаж чаддаг гэдгийг нотолсон үе ирэв. Тус хамтлаг хамгийн анхны сингл болох «We’ve got it going on»-ийг бичүүлжээ. Америкчууд тэднийг шинэ хамтлаг төдийхнөөр хүлээн авч байсан бол Европт тэдний бүх дуу хит парадад орж эхлэв. Тиймээс Backstreet Boys хамтлагийнхан анхны аялан тоглолтоо Европ сонсогчдоосоо эхэлж, эхний карьераа тавьжээ.
Өнгөрсөн зууны сүүлийн 10 жилд бүхэл бүтэн нэг үе тэдний дуугаар өсөж, дэлхийн өнцөг булан бүрт тэдний фэнүүд нь өрөөгөө хөөрхөн хөвгүүдийн зургаар чимж байлаа. Хэдэн арван клип, олон тооны тоглолт, олон арван шагнал гээд л. Хамтлагийн нэг давуу тал нь байнгын байдал бөгөөд оршин тогтнох хугацаандаа бүрэлдэхүүнээ огт өөрчлөөгүй юм. Гэхдээ энд Кевин Ричардсон нь түр гарсныг тооцох хэрэгтэй.
Шилдэг дуунууд
Backstreet Boys-ын анхны дебют цомог 1996 онд гарчээ. Түүний нэр нь тийм ч өвөрмөц биш, хамтлагийнхаа нэрийг давтаад л боллоо. Гэвч энэ нь фэнүүдийн армид нь саад болсонгүй. Тэдний анхны дискний хамгийн алдартай дуунуудын нэг нь «Get down». Энэ дуугаар тус хамтлаг анхны амжилт үзүүлжээ.
Дараагийн бай нь «We’ve Got It Going On» байв. Энэ дууг хөвгүүд 1994 онд дуулсан ч 1996 онд дахин дуулсны дараа Британийн хит парадад жагсаалтын 3-т орж иржээ. Сонирхолтой баримт дурдахад энэ дууг дуулахад хамгийн залуу гишүүн Ник Картерын хоолой алдагдаж, студид нэлээд зүдэрсэн гэдэг.
Хоёр дахь цомгийн хамгийн алдартай хит нь «Backstreet’s Back». Уг дуу «Everybody» хэмээх хөвгүүдийн хамтлагийн нэрийн хуудас болсон дуунаас хойш жилийн дараа гарсан байна.
«Millennium» (1999) цомог нь тухайн оныхоо хамгийн их борлуулалттай цомог болж, “Грэмми”-д 5 номинацийн шагнал авч байв.
1. Эй Жей Маклин: архи, хар тамхины асуудалд орж байжээ
Александр Жеймс Маклин нь 1978 онд Уэст-Палм-Бичид төржээ. Эцэг эх нь эрт салж, куба гаралтай хүүг ээж нь, мөн эмээ, өвөө нь өсгөжээ. Үеийнхэн нь машинаар тоглож, дугуй унаж наадаж байхад 5 настай Эй Жей загвар үзүүлэн тайзан дээр гарч, театрчилсан тоглолтод оролцдог байв. 7 настайдаа мэргэжлийн театрт ажиллах туршлагатай болж, 9 нас хүрэх үедээ хямд төсөвтэй кинонд тоглож үзжээ. 1990 онд сурагч хүү инээдмийн цувралаар алдартай болсон ч илүү ихийг мөрөөдөж байв. Хөгжмийн хамтлагин кастинг зарласан нь өсвөр насны хүүг баярлуулж, Backstreet Boys хамтлагийн анхны батлагдсан гишүүн нь болж байжээ.
2007 оноос Эй Жей хамтлагийнхаа үйл ажиллагааны хажуугаар гоцлолын карьераа эхлүүлсэн. Жилийн дараа ганцаарчилсан тоглолтоо хийж, хоёр жилийн дараа Японд түүний «Have it all» хэмээх цомог гарчээ. Хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна гэсэн мэдээлэл гарсан ч тийм зүйл болсонгүй. Нэмж дурдахад, Маклин өөрийгөө Johnny No Name (Жонни Үл мэдэгдэх) гэж нэрлэдэг бөгөөд түүний нэрийн өмнөөс үе үе буяны шоу зохион байгуулдаг. Жишээлбэл, АНУ-ын ахлах сургуулиудын хөгжмийн боловсролыг хадгалахад чиглэсэн “Хөгжмийг аваръя” төслийг дэмждэг.
Алдар нэр, ажлын ачаалал, эд баялаг Эй Жейд жинхэнэ шалгуур болж, 2000 онд тэрбээр архины хамааралтай болчихсон байв. Тэрбээр сэтгэл гутралд автаж, хар тамхины хамааралтай болжээ. Энэ бүгдийн эцэст Маклин мэргэжлийн хүмүүст хандаж, 2002 оны сүүлчээр сэргээн засах эмчилгээ хийлгэсний эцэст ертөнцийг өөрөөр харж эхэлжээ. Энэ хоёр хорт зуршлынхаа талаар тэрбээр 2003 онд Опра Уинфригийн шоун дээр ярьжээ. Тухайн үед хамтлагийн үйл ажиллагаа түр зогссон байсан ч бусад гишүүд нь Эй Жейд ил дэмжихээр студид ирж байжээ. Энэ нь түүний хувьд таатай сюрприз байж чадсан юм.
Хувийн амьдралын тухайд Маклин энэ амаргүй цаг үедээ дуучин Сара Мартинтай сүйгээ цуцалж байв. Ирээдүйн эхнэр, үсчин, гоо засалч Рошель Каридистай 2010 онд танилцаж, жилийн дараа гэрлэсэн байна. Хосууд өдгөө ч хамтдаа амьдарч, хоёр охиноо өсгөхийн хажуугаар сайн үйлс бүтээж байна.
2. Хауи Дороу: Эгчийгээ нас барсны дараа сайн үйлстэн болжээ
1973 онд төрсөн Ховард Дуэйне Дороу нь олон хүүхэдтэй айлын бага нь. Пуэрто-Рико, ирланд цустай тэрбээр Маклин шиг хар нялхаасаа л театрт тоглож, гоцлол дуу дуулдаг байжээ. 1987 онд өсвөр насны хүү Menudo хэмээх Пуэрто-Рикогийн хөвгүүдийн хамтлагт шалгуулаад тэнцжээ. Гэвч аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Хауиг испани хэл сайн мэддэггүй гээд хамтлагаас хасаж орхижээ. Гэвч хүү итгэл найдвараа алдалгүй, кастингуудаар явж байгаад Эй Жей, Ник Картер нартай танилцсан байна. Тэдний нөхөрлөл хувь заяанд нь нөлөөлжээ. Дороу Backstreet Boys хамтлагаас гарахгүйгээр хэсэг хугацаанд гоцлол карьер хөөж байсан. Тэрбээр «Back to Me» (2011) цомог, EP «Live From Toronto» (2012) тоглолт зохион байгуулж байлаа.
Дороу уран бүтээлийн хажуугаар бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулж, 1997 онд ахтайгаа хамтран барилгын компани байгуулж, дараа нь продюсерийн компанитай болж, дуучин Жорж Нозукийг далбаандаа авчээ. Түүнчлэн тэрбээр хэд хэдэн хамтлагийн менежер. Үүнээс гадна Дороу эгчийгээ нас барсны дараа чонон хөрвөс өвчтэй хүмүүсийг мэдээлэл, санхүүгээр дэмждэг сайн үйлсийн байгууллага байгуулжээ.
3. Ник Картер: Замбараагүй хувийн амьдрал, хүчингийн хэрэгтэн
Цэнхэр нүдтэй, шаргал үстэй Николас Жин Картер нь Жеймстаун хотод олон хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ. Түүний эцэг жолооч байсан гэдэг. Сүүүлд Картерынхан баар, бүүр сүүлд нь ахмадын асрамжийн газар байгуулан аж төрдөг байв. Ник хичээлээс гадуур кастингт оролцож, 1990 онд «Эдвард хайчны гар» хэмээх кинонд жижигхэн дүр бүтээх боломжтой болжээ. Кино зураг авалтад дуртай гэдгээ Ник од болсныхоо дараа ч харуулж, 2004 онд аймшгийн киноны гол дүрд тогложээ. Үүнээс гадна тэрбээр богино хэмжээний кино ч өөрөө бүтээж байсан түүхтэй.
Ник түүнчлэн гоцлол дуунд ч хүч сорьж явсан юм. Түүний анхны бие даасан цомог «Now Or Never» (2002) АНУ, Канадад тэргүүлсэн ч хоёр дахь «I’m Taking Off» цомог нь өмнөх амжилтаа гүйцээгүй байна. Ник Картер түүнчлэн Break Out хэмээх рок хамтлагийн менежер бөгөөд сайн үйлсийн аян өрнүүлдэг. Мэргэжлийн дайвер тэрбээр экологийн асуудал, тэр дундаа далайн асуудалд анхаарлаа хандуулдаг. Харин тэрбээр хорт зуршлаас өөрийгөө хамгаалж чадаагүй гэдгээ нэгэн ярилцлагадаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэн цагт архи ууж, хориотой бодис хэрэглэж явсан гэдэг. 2008 онд энэ асуудлаасаа болоод кардиомиопати буюу зүрхний булчингийн өвчинтэй болжээ.
CosmoGirl (2002) сэтгүүлээр дэлхийн хамгийн тачаангуй эрэгтэй, People (2000) сэтгүүлийн жагсаалтаар манай гарагийн хамгийн царайлаг 50 хүний жагсаалтад орсон тэрбээр хувийн амьдралын асуудал ч тайван бус байсан юм. Түүнийг Пэрис Хилтон, Мэнди Мур, Playboy сэтгүүлийн хэд хэдэн одтой холбож байснаас гадна 2017 онд Dream хамтлагийн гишүүн асан Мелисса Шуман Картерыг 15 жилийн өмнө өөрийг нь хүчиндэж байсан гэдгийг нийгэм даяар ил болгожээ.
2009 оноос Картер жүжигчин, фитнесийн шинжээч Лорен Китт хэмээх эмэгтэйд дурдаж, 2014 онд тэд хуримаа хийсэн бөгөөд өдгөө нэг хүү, хоёр охины аав ээж болцгоожээ.
4. Кевин Ричардсон: Яагаад хамтлагаасаа гарав
Кевин Скотт Ричардсон 1971 онд Лексингтонд гал сөнөөгч, гэрийн эзэгтэй нарын гэр бүлд төрсөн. 3 хүүтэй айлын дундах нь. Сургуульд байхдаа театрт тоглож, шатарт дуртай нэгэн байсан бөгөөд америк хөлбөмбөгийн багийн ахлагч байв. 1991 онд Кевин Орландод нүүж ирж, “Уолт Диснейн амралтын дэлхийн төв”-д хөтөч, жүжигчнээр ажиллаж байгаад Backstreet Boys хамтлагт оржээ.
Ричардсон бол хамтлагаасаа албан ёсоор гарсан цорын ганц гишүүн. Тэрбээр 2006 онд биелсэн мөрөөдлийнхөө дараах шинэ тэргүүн бүлгийг эхлэх зорилгоор хамтлагаасаа гарч байна гэжээ. Backstreet Boys-ын хоёр цомог Кевингүйгээр гарсан байна. Энэ хооронд Кевин жүжигчнээр суралцаж, “Чикаго”-гийн бродвейн мюзиклд од болон гялалзаж, мөн хэд хэдэн театрын тоглолтод оролцож, кинонд тогложээ. Гэвч зугаалж ханасны эцэст 2012 онд хамтлагтаа эргэн ирсэн аж.
Ричардсон хамтлагийн бусад нөхдийнхөө адил сайн үйлсийн аян өрнүүлдэг. Түүний байгуулсан сан экологийн нөхцөл, хорт хавдрын өвчлөл хоорондын харилцааг судлах ажил явуулдаг. Энэ сэдвийг тэрбээр зүгээр ч нэг сонгоогүй. Ричардсоны аав нь 49 насандаа хавдрын өвчлөлөөр өөд болсон юм.
People (1999) сэтгүүлийн чансаагаар “Эрэгтэй хамгийн тачаангуй од” болсон тэрбээр жүжигчин Кристин Кэй Уиллитстэй 20 гаруй жил ханилан амьдарч байна. 20 настай Кевин Орландод дөнгөж нүүж ирээд, бие даасан амьдралаа эхэлсний дараа тэд танилцжээ. Тухайн үед Кристин ч мөн “Уолт Диснейн амралтын дэлхийн төв”-д ажиллаж, “Үзэсгэлэн ба араатан” жүжчгийн Беллийн дүрд тоглодог байжээ. Өдгөө тэд хоёр хүүтэй.
5. Брайан Литтрелл: Хүү нь өвджээ
Брайан Томас Литтрелл 1975 онд Лексингтон хотод төрсөн. Түүний хүүхэд нас Backstreet Boys-ын бусад гишүүдийнхээс их ялгаатай. Бусад нь кастингт оролцож, тайзан дахь анхны алхмаа хийж байхад зүрх нь цоорхой төрсөн Брайан эмнэлэгт байнга хэвтэж, завсар зайгаар нь баптист сүмд дуулдаг байв. Таван настайдаа үхэх дөхсөн ч эмч нар түүнийг аварчээ. Гэвч эмч нар түүнийг хэр удаан амьдрах баталгаа өгч чадахгүй байлаа.
1998 онд Литтрелл аялан тоглолтынхоо үеэр зүрхний нээлттэй хагалгаанд орж, цоорхойгоо нөхүүлсэн байна. Ийм хүнд, аюултай алхам хийхэд нь түүний найз бүсгүй, өдгөө эхнэр Лиэнн Уоллес нь тусалсан гэдэг. Үүний хүчинд өвчиндөө шаналсан Литтрелл эрүүл болов. Гэвч Брайан хуучныг санаж, зүрхний эмгэгтэй хүмүүст туслах сайн үйлсийн сан байгуулжээ. Сүүлд нь энэ сан Кавасакийн хамшинж өвчтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхийг дэмждэг болсон аж. Үүний гол шалтгаан нь мөн нь хувийн амьдралтай нь холбоотой. 2008 онд Литтреллийн ганц хүү энэ аюулт өвчнийг тусчээ.
Брайан хэсэг хугацаанд бие даан уран бүтээл хийх гэж үзсэн. Ингэхдээ орчин үеийн христийн хөгжмийг сонгожээ. 2006 онд түүний цорын ганц бие даасан цомог «Welcome Home» гарсан байна.
Backstreet Boys 30 жил хамтдаа
2013 онд хамтлаг 20 жилийн ойгоо тэмдэглэж, Холливудын Алдрын талбайд одтой болж, дараа нь ойн тоглолтоо хийжээ. Хоёр жил гаруй үргэлжилсэн аялан тоглолтоор 170 гаруй тоглолт хийж байв. Ийнхүү хамтын уран бүтээлийн дараа хэсэг чимээгүй байсан.
2019 онд 6 жил завсарласны эцэст тэдний 9 дэх цомог «DNA» гарчээ. Хамтлагийнхан 30 жил байх хугацаандаа хэцүү бүхнийг хамтдаа туулж, олон ч сайхан үеийг хамт өнгөрүүлжээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ