Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын 3-р тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна.
Авлигатай холбоотой иргэдээс ирж буй гомдол, мэдээллийг АТГ-ын утсанд шууд холбосон. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой.
Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” гэлээ.
МХЕГ-ын дарга Н.Баасандорж тус газар албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой гомдол санал хүлээж авах хариуцсан ажилтан шинээр гарган ажиллуулж байгаа тухай энэ үеэр мэдэгдсэн байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна. Иймд дээрх гомдлуудыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
1 comment
Сайн байна уу би иргэнээр нөат төолөгч болоод 1жил хүрэлгүй үйл ажиллагаагаа зогсоосон ингээд татварын газар хүсэлт өгсөнөөр надад санхүүгийн шалгалт гээд дансны орлогоор нотолсон нэр зүүж татвар алданги торгууль гээд 13саяаар торгууллаа нээх том ААН биш одоо үйл ажиллагаа явуулаагүй иргэн хүнээ 1 удаа харж үзэж бодоггүй юм байхдаа банкны зээлийн хажуугаар үнэхээр хэцүү байнашдээ