УИХ-ын нэр бүхий гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдээд байна. Уг хууль 2012 онд батлагдсан. Дараа нь 2018 онд шинэчлэн баталсан.
Хуулиар дараах таван зүйлийг өөрчлөх гэж байна. Үүнд:
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдолд хуулиар эрхтнээ өгч чадахгүй байна. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна.
- Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байгаа иргэдийн мэдээллийг олон нийтийн хяналттай цахим болгоно.
- Амьгүй донор буюу цогцосноос эд, эс эрхтэнийг нь авч бусад хүний амь насыг авардаг. Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа технологиор нэг хүний амьгүй болсон цогцосноос зургаан хүний амь аврах боломжтой. Амьгүй донорыг бурханы бэлэг ярьдаг. Тиймээс амьгүй донорын оршуулгын зардлыг улсаас даадаг болох олон улсын зохицуулалтыг хуульд оруулна.
- Донор болж байгаа хүмүүсийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмж байна
- Эрүүл Мэндийн Яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай.