Баянзүрх дүүргийн удирдлагууд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Вьетнам улсын Элчин сайдын яамнаас орон нутгийн төр захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, цаашид нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа, түүнчлэн аялал жуулчлал, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хамтран хийж хэрэгжүүлэх боломжтой санал санаачилгын талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Засаг дарга Н.Баярмөнх Монгол-Вьетнам хоёр улсын гүүр болж найрсаг хамтын ажиллагааг шинэ шатанд гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
• Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийг Вьетнам улсын бизнес эрхлэгчидтэй холбох, Вьетнам авто засварын газруудын үйл ажиллагааг дэмжих
• 2022 оны 5 дугаар сарын 19–ны өдөр Хошимины мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхэд хамтран ажиллах
• Баянзүрх дүүргийг Ханой хотын ижил төстэй дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоох
• Баянзүрх дүүргийг Вьетнам улсын боловсрол, соёл, эрүүл мэндийн ижил төстэй байгууллагуудтай холбох
Мөн уулзалтын төгсгөлд Засаг дарга Н.Баярмөнх дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа онцлог ажлуудаасаа дурдсан юм. Эдгээрийн нэг улс бүрийн онцлог хэв шинжийг агуулсан Олон улсын цэцэрлэгт хүрээлэн IGM- International Garden Of Mongolia бөгөөд уг төсөлд Вьетнам улсын Элчин сайдын яамны зүгээс Улаанбаатар хотод байгаа бусад Элчин сайдын яамдаа манлайлан оролцохыг хүслээ. Түүнчлэн Элчин сайдыг Монгол Улсад ажиллах хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн холбогдох байгууллагуудын зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.