Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж буй.
Монгол улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд гурван хувийн хүүтэй нийт 150.0 тэрбум, төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Одоогийн байдлаар 40 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэж, гэрээний дагуу арилжааны найман банканд хүргүүлснээр хөнгөлөлттэй зээл олголтыг эхлүүлжээ. Арилжааны банкнаас ирүүлж буй мэдээгээр 441 аж ахуйн нэгж, иргэнээс 130.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч үр тарианы чиглэлийн 62 аж ахуйн нэгжид 7.2 тэрбум, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 101 иргэнд 2.1 тэрбум, нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 112.3 тэрбум төгрөгийн зээл судалгаанд байгаа аж.