Америкийн Нью-Йорк болон бусад хотуудад мягмар гарагт хэдэн мянган хүн АНУ-ын Дээд шүүхийн үр хөндөлтийн эрхийг хориглох төлөвлөгөөг эсэргүүцэн жагсчээ.
“Одоо бол дуугүй суух цаг биш” гэж Манхэттенд цугларсан олонд хандан Нью-Йорк мужийн ерөнхий прокурор Летиция Жеймс зарлаад, үр хөндөлтийн эрх бол агуу тэмцлийн нэг хэмээжээ.
Хүн өөрийнхөө биеийг яах нь суурь эрх нь хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Эсэргүүцэлд оролцсон олон залуу эмэгтэйчүүд гартаа “Миний бие миний сонголт”, “Эмэгтэйчүүдийн эсрэг дайнаа зогсоо”, “Надад ээжээс нь бага эрх үлдэх нь” гэсэн уриа лоозон барьжээ.
Politico хэвлэл үүнээс өмнөхөн АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн төслийн хуулбарыг олонд ил болгосон. Уг хуулбарт 1973 оны шийдвэрээр баталгаажсан жирэмслэлтийг таслах Үндсэн хуулийн эрхийг цуцлах тухай заажээ. Хэрэв консерватив шүүгч олонтой АНУ-ын Дээд шүүхийн энэ шийдвэр батлагдаж, түүхэн тогтоол цуцлагдвал мужийн түвшинд үр хөндөлтийг бүрэн хориглох юм уу ихээр хязгаарлах боломжтой болно гэсэн үг. Америкийн 50 мужийн тал нь ийм шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа юм. Дээд шүүхийн шийдвэр 6 дугаар сард гарна.
Үүний зэрэгцээ Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарахаас ч өмнө Оклахома муж 6 долоо хоногтойгоос хойш жирэмслэлт таслахыг хориглосон хууль баталсан байна. Хуулийг АНУ-ын нутаг дэвсгэр дотроо абортын хамгийн хатуу хуультай Техасын “Зүрхний цохилтын тухай” хуулийн дагуу боловсруулсан аж. Гэвч Оклахома мужийн хууль Техасынхаас ялгаатай нь эрүүл мэндийн онцгой тохиолдлын үед, мөн хүчирхийлэлд өртсөн бол хожуу үед аборт хийлгэхийг зөвшөөрчээ.
АНУ-д 1973 оны Дээд шүүхийн шийдвэрээр үр хөндөлтийг хуульчилжээ. Зарим мужид үр хөндөлтийг бүрэн хориглодоггүй, бага зэрэг хязгаарлалт тогтоодог байна.
Үр хөндөлтийн асуудал нь АНУ-ын дотоод улс төрд хамгийн маргаантай сэдвүүдийн нэг байдаг. Бүгд найрамдах намынхан үүнийг хориглохыг дэмждэг бол ардчилагчид харин хуульчлахыг дэмждэг аж.
Эх сурвалж: www.dw.com
Орчуулсан Э.МАРТ