МҮХАҮТ-аас дараах мэдэгдлийг гаргажээ. Хямрал нүүрлэсэн хүнд үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Татварын албанаас хэрэгжүүлж байна. Энэ нь цар тахлын хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам боллоо.
Ковид-19-ийн удаа дараагийн хөл хорио, хязгаарлалтууд, Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын гэнэтийн шийдвэрүүд, тээвэр логистикийн, хилийн боомтуудын хүндрэл, түүхий эд бараа материалын хомсдол, тасалдал гээд хүнд нөхцөлд хоёр жил гаруй хугацаанд аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулан өнөөдрийг хүрсэн.
Гэвч ОХУ-Украйны асуудлаас шалтгаалан улс орнуудын авч буй эдийн засгийн арга хэмжээнүүд, тэдгээрт үзүүлж буй ОХУ-ын хариу үйлдлүүд, БНХАУ-ын ковидын халдварын “тэг” бодлого манай эдийн засагт гадаад валютын хомсдол, төгрөгийн ханшийн огцом сулрал, инфляцын өсөлт, төлбөр тооцооны хүндрэл гэсэн олон сөрөг асуудлыг араасаа дагуулсан.
Энэ нь аж ахуйн нэгжүүд эргээд хөл дээрээ зогсох үйл явцыг ч тодорхойгүй хугацаагаар үгүй хийж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах гол гарц нь аж ахуйн нэгжүүд, иргэдэд бизнесийн үйл ажиллагаа явуулахад нь аль болох саад учруулахгүй байх, үйл ажиллагаа явуулах эрхийг бүх талаас нээх юм.
Иймд аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүнд байдалд орсны улмаас татвар төлөх үүргээ биелүүлж чадахгүй байгааг анхааран үзэж, аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн салбар, үйл ажиллагааны төрөл, үйл ажиллагааны хязгаарлагдсан байдал, аж ахуйн нэгжийн хэмжээнээс хамааруулан татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөх хугацааг сунгах, татварыг тодорхой хуваариар хувааж төлөх боломж олгох, нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг Монгол Улсын Их Хурал, Засгийн Газраас авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
Бизнесийнхэн нэгэнт хөл дээрээ зогссон цагт Монгол Улс нийтээрээ цар тахлын үеийн үр дагавар болон одоо үүсээд буй хүнд нөхцөл байдлыг даван туулах нийгэм эдийн засгийн ачааг хамтдаа үүрэлцэн, Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд томоохон түлхэц болох нь дамжиггүй билээ.