“Байгалиа хамгаалъя” ногоон дуу хоолой Байгаль хамгаалах сарын аяныг Баянхонгор сумын хэмжээнд өрнүүлж байна.
Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗЗ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/, Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран тус аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөх зорилготой ажлуудыг өрнүүлж байгаа юм.
Энэ хүрээнд нийтийн эдэлбэр болон гудамж талбайд үүссэн шороон овоолгыг дарж тэгшлэх, барилгын хог хаягдлыг ачиж тээвэрлэн хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэх ажлын хийж гүйцэтгэж байна. Түүнээс гадна хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж эдийн засгийн эргэлтэд оруулах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, дахивар хог хаягдал авдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөжээ.
Мөн аймгийн мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр аймгийн төвийн нийтийн ороц сууцнуудад ангилан ялгах стандартын хогийн сав, багийн төвийн спорт заалнуудад хуванцар хийх зориулалтын хогийн савнуудыг тус тус байршуулж хаягдлыг ангилан ялгах нөхцлийг бүрдүүлж байгаа аж.
Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд 2021 оны жилийн эцсийн байдлаар энгийн хатуу хог хаягдлын нийт хэмжээ 63.896 тонн гарч байгаагаас аюултай хог хаягдал 759 тонн, дахин ашигласан хог хаягдал 3549 тонн гарчээ.