Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нийслэл, аймаг, сум, сум дундын нийт шүүхүүдийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, ажлын байр, ажиллах нөхцөлтэй танилцлаа. Энэ үеэр мөн нийслэл болон орон нутгийн шүүхийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хэсэгчилсэн болон бүсчилсэн сургалт явуулав. Энэхүү сургалтыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжлэг үзүүлж хамтран зохион байгуулсан юм.
Танилцах арга хэмжээний зорилго нь Зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шинээр бүрдсэн эхний дөрвөн сард хийсэн ажил, бодлого шийдвэрийнхээ талаар шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангах талаар арга зүйн зөвлөгөө өгөх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, энэ талаар цаашид хийх ажил, авах арга хэмжээний талаар тэдний санал хүсэлтийг сонсох явдал байв.
Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн дагуу боловсруулж батлах ёстой 50 гаруй бодлогын баримт бичиг, дүрэм, журмын хамгийн ач холбогдол бүхий 70 гаруй хувийг батлан мөрдүүлж эхэлсэн бөгөөд тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн шинэтгэлийн үзэл баримтлалд нийцүүлэн хэрэгжүүлэх ажлын явцтай нэгж болгонд хүрч танилцаж арга зүйн туслалцаа үзүүллээ.
Мөн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах бүх талын нөхцөлөөр хангахад цаашид ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж зөвлөлдлөө. Шүүхийн захиргааны албан хаагчид сургалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид сэдэвчилсэн мэргэшүүлэх сургалтыг энэ байдлаар тогтмолжуулахыг санал болгож байлаа. Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Монгол Улсын Их Хурлын 2021 оны 03 дугаар тогтоолын дагуу тэдний цалинг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ ажлын ачааллаас болж ихэнхдээ илүү цагаар ажиллахад хүрдэг гэдгээ тайлбарлаж байв.
Шүүгчид болон шүүхийн тамгын газруудын удирдлагын зүгээс шүүхийн байр, ажиллах нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг газар болгонд танилцуулж, бодит байдлаа үзүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах хэмжээнд стандартын шаардлага хангасан байраар шүүхийг жигд хангах талаар зориудын бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа.
Ихэнх шүүхүүдэд зориулалтын шүүх хуралдааны танхимгүй, хавчиг жижиг орон зайд олон цагаар хуралдахад хүрдэг, шүүхийн захиргааны албан хаагчид нь нэг дор олуул чихцэлдсэн байдалтай ажилладгаа харуулж, энэ байдал ажлын гүйцэтгэл, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хэлж байв. Сүүлийн жилүүдэд шүүх хуралдаанд цахимаар оролцох оролцогчийн тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор шүүх хуралдааны танхимыг зориулалтын төхөөрөмжөөр хангаж тоноглох, мөн дуу дүрс бичлэгийн хэрэгслийг шинэчлэх, архивын багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг зарим асуудлуудыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Улсын хэмжээнд 6 шүүх өөрийн байргүй, 7 шүүх прокурорын байгууллагатай, шүүх орон нутгийн захиргааны байгууллагатай хамт байрладаг бөгөөд шүүхийн ихэнх барилга зориулалтын бус, чанарын шаардлага хангахгүй байдалтай болсонтой Зөвлөлийн гишүүд газар дээр нь үзэж танилцлаа. Нэгжүүдийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай ийнхүү биечлэн танилцсан талаар нэгдсэн тайлан гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн цаашид авах арга хэмжээнийхээ бодлогыг тодорхойлж Шүүхийн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгахаар болжээ.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл