Элон Маск Twitter Inc-ийг 44 тэрбум ам.доллараар бэлнээр төлж худалдаж авах гэрээг амжилттай байгуулж чадлаа. Ингэснээр дэлхийн лидерүүдээс эхлээд хэдэн сая хэрэглэгчтэй сошиал медиа платформын хяналт дэлхийн хамгийн баян хүн рүү шилжиж байна.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий сошиал платформ болох 16 жилийн түүхтэй Твиттерийн хувьд маш чухал, сорилтын үе тохиож байна. Өөрийгөө “үг хэлэх эрх чөлөөг эрхэмлэгч” хэмээдэг Элон Маск Twitter-ийн үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Мөн тэрээр твиттерийн жиргээг эрэмбэлэх алгоритм нь олон нийтэд нээлттэй байх ёстой, сурталчилгаа явуулдаг корпорациудын эрх мэдэл нь хэт их байна зэргээр шүүмжилдэг.
Даваа гарагт Твиттерийн хувьцааны ханш 5.7%-иар өсч 51.70 ам.долларт хүрч хаагдсан байна.