Хуучин Ламын гэгээний хошуу нутаг буюу одоогийн Баянхонгор аймагт тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин 1000 харваачийг урьж “Ламын гэгээний их тойром” шагайн харвааг зохион байгуулж байсан нь өдгөө томоохон соёл, спортын арга хэмжээ болоод байгаа бөгөөд энэ талаар жилдээ 5600 орчим дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн номынхон ч сонирхоод эхэлсэн сурагтай. Баянхонгор аймаг энэхүү нүсэр арга хэмжээг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар ИТХ-аараа баталсан ч 2020 онд цар тахлын улмаас цуцлагджээ. Тэгвэл энэ жил “”Ламын гэгээний их тойром” 1000 харваачийн цэц мэргэнээ сорих их цугларалт Б.Энхтүвшингийн санаачилгаар дахин болохоор болжээ.
Дэлхийн соёлын биет бус өвд бүртгэгдсэн энэхүү арга хэмжээний урьтал болгож Б.Энхтүвшин төрөлх аймагтаа шагайн харвааны аймгийн аваргыг зохион байгуулаад байна. Тэд ийнхүү эртнээс бэлтгэлээ базааж, цэц мэргэнээ уралдуулж буй нь өөрийн зохион байгуулж буй тэмцээндээ амжилттай оролцохын төлөө хичээж байгааг илтгэж байна.
2018 онд зохион байгуулж байсан Мянган харваачийн тойром харваанд улсын цолтой 76, аймгийн цолтой 112 харваач оролцож байгаагаас даяар дуурсагдах мэргэн 2, үлэмж дархан мэргэн 25, дархан мэргэн 12, гарамгай мэргэн 15, улсын мэргэн 50 байсан бол харваа нь хоёр янз бөгөөд 60-аас дээш насныхан чавхны төрөлд 10 баг, хуруугаар харвах төрөлд 86 баг өрсөлдөж байжээ. Энэ удаад энэ тоо өсөн нэмэгдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Уламжлалаа гээх вий гэсэн болгоомлол нэмэгдэж буй өнөө цагт энэхүү соёлын биет бус өвийг өвлүүлэн хөгжүүлэх, сурталчлан таниулах, аймгийн хэмжээнд аялал жуулчлалын брэнд болгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой уг арга хэмжээг зохион байгуулсан аймаг байхгүй гэдгийг Монголын шагайн холбооноос мэдэгдээд байна.
Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бол 2001 онд үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон байдаг. Харин Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тойром цар хүрээний хувьд хамгийн томл тооцогдох болжээ. Сонирхуулахад шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг давуу талтай бөгөөд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны 11 сарын 24-28-ны өдрүүдэд болсон. Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж, Монгол улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авч байжээ.