Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Ерөнхий сайд болон Сангийн сайдад шаардлага хүргүүлэхээр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Холбооны тэргүүн Т.Хүрэлхүү:
2020 оны арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн улс даяар хөл хорио тогтоосон. Улмаар УОК, Шадар сайдын 146 дугаар тушаалаар батлагдсан дайчилгааны тээврийн журмын дагуу хөдөө орон нутаг болон нийслэлд гацсан 100,000 орчим иргэнийг 59 ААН-ийн 700 гаруй том оврын тээврийг хэрэгслээр 17 хоног тээвэрлэсэн юм.
Энэ үед автобуснууд нэг талдаа хоосон явж, нийт 59 ААН 1.2 тэрбум төгрөгийн шатахууны алдагдалд орсныг хуулийн дагуу нөхөн төлөхийг төрөөс шаардаж байна.
Хот хооронд зорчигчийн урсгал байхгүйгээс буюу орлогогүйгээс үүдэн хот хооронд зорчигч тээврийн ААН-үүд парк шинэчилж, автобус худалдаж авах эдийн засгийн чадамжгүй боллоо. Дээрээс нь ААН-үүд банканд нийт 60 тэрбум төгрөг, НДШ-д 1.6 тэрбумын өртэй байна.
“Хот хоорондын зорчигч тээврийнхэн 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны зургаадугаар сар хүртэл төрийн байгууллагын шийдвэрээр сул зогсолт хийсэн. Хот хоорондын тээврээр ямар нэг ажил үйлчилгээ явуулах, хөрвөх боломж байдаггүй тул сул зогсолтын хугацаанд нийт 1,500 орчим ажилтан нь цалин аваагүй, мөн НДШ-д хамрагдаагүй.
Бидний өнөөдөр өгөхийг шаардаж буй 1.2 тэрбум төгрөг нь үнэ тариф, эдийн засгийн алдагдал биш. Зөвхөн тухайн үед хот хоорондын хоосон тээвэрлэлтэд зарцуулсан дизель түлшний л мөнгө. Энэ мөнгийг авахын тулд ААН-үүд хоёр жил хөөцөлдөж байгаа.
Өнөөдөр хот хоорондын тээвэр үйлчилгээний компаниуд банкны зээлээ төлж чадахгүйд хүрч, цаашид орших, эс оршиход хүрээд байна.
Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг нийт 700 гаруй том оврын автобусны 400-ийнх нь насжилт ирэх он гэхэд дуусах аж. Цаана нь 280 орчим автобус үлдэх ч үүгээр хот хооронд хүргэж тээвэрлэх боломжгүй гэнэ.