Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар яг одоо хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төрийн алба хаагчдыг төсвөөс унаа, утас, бүхий л зардлаа даалгаж байна хэмээн худлаа ярьж орж ирж, Сангийн яамныхан попорлоо хэмээн шүүмжилж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас тайлбар нэхэв.
Тэрбээр “Төрийн хэмнэлтийнх тухай хууль орж ирж байна. Төрийн хэмнэлт гэдгийг би арай өөрөө ойлгоод байгаа. Төсвийн шинэчлэл, Бодлогын реформ, магадгүй өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд Монголын төрөөс гаргасан төсөв санхүүтэй холбоотой алдаагаа бид нар засмаар байгаа юм. Нийгэм ч гэсэн хүлээлттэй байгаа байгаа. Яг энэ хүнд цаг үе дээр бид том шинэчлэл хийж, том бодлого гаргаж зарчмынхаа суурь асуудлуудыг шийдэх ёстой байгаа юм.
Засгийн газрын гишүүн энэ асуудал дээр бодлого гаргасан, том бодлого дэвшүүлсэн. Анхан, дунд шатан дээр бодлогыг ингэж бантан болгоод байж, хөнгөн хуумгай хандаж болохгүй. Боловсруулалтын түвшинд үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна.
Том бодлогынхоо хүрээнд бид нар төсвийн шинэчлэлийн асуудлыг ярих ёстой. Төсвийн төлөвлөлт, хяналт, сахилга, үр ашгийг хэрхэн сайжруулах, төрийн тогтолцоог сайжруулах, Төрийн алба, төрийн өмчийн компаниудыг чадварлаг, цомхон болгох асуудлыг ярих ёстой. Энэ бүхэн энэ хуулинд туссан байх ёстой. Гэтэл өнөөдрийн орж ирсэн хууль нийгэмд таалагдах гэсэн аахар шаахар зүйлүүдийг түүгээд оруулаад иржээ. Ингэж болохгүй. Хууль хуулийн дотроос хамгийн поп хууль бол энэ хууль гэж би харж байна. Хууль дотоод журамд тусгагдсан зүйлүүдийг дахин тусгаад ингээд ороод ирж болохгүй ш дээ.
Хэн ийм дутуу боловсруулсан уянгын халилтай зүйл оруулаад ирдэг юм бэ. Төрийн албан хаагч нарын хэзээ ч авч байгаагүй хангамжийг та нар авсан мэтээр худлаа бичээд оруулж ирж болохгүй. Төрийн үйлчилгээний алба, Төрийн захиргааны алба, төрийн тусгай алба хэзээ та нарын бичээд байгаа шиг тэр хангамжийг авч байсан юм бэ? Та нарын бичиж, хориглож байгаа шиг. Хэзээ байтлаа та 7 гадагшаа нисэхдээ бизнесээр нисэж байсан юм. Хэзээ ээлжийн амралтаар нутагтаа очихдоо зардлаа төрөөр даалгуулж байсан юм. Хэзээ гар утасны зардлаа төрөөр даалгуулж байсан юм. Тийм зүйл байхгүй. Байхгүй зүйлийг байгаа юм шиг бичээд бүх зүйлийг хамруулсан. Байхгүй зүйлийг бий болгож орж ирээд байгаа нь учир дутагдалтай байгаад байгаа юм.
Төрийн алба хаагч нар энгийнээс бусад зориулалтаар нисэж болохгүй гэсэн мөртлөө төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу сайд нарыг нисэж болно гэсэн зүйл заалт ороод ирсэн байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн мөртлөө хэдэн хүн илүү эрхтэй гэсэн зүйл заалтыг ялгавартайгаар оруулж ирж болохгүй. Том бодлогын асуудал, төрийн хяналтыг ярьж байхад, олон нийт дэмжиж байхад ийм аахар шаахар зүйл оруулж ирж, ийм хайнга хандаж байгаа юм бэ? Төсвийн бодлого орж ирж байхад АУДИТ-аар оруулсан дүгнэлттэй ярих ёстой гэх мэт зарчмын асуудлыг бид ярих ёстой. Ж.Ганбат дарга аа. Та тайлбар хэлээч?” гэлээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Бид айхгүй зүйл оруулж ирээгүй. Би тодорхой заалтаар нь уншаад өгөе. Төрийн албаны тухай хуулийн 59.1.6-д “ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутаг явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно” гээд байна. Зардлаар нь гаргаад ирнэ.
Дараагийн нэг зүйл нь Төрийн хяналтын тухай хуульд хамрагдах хүрээнд нь хамрагдахгүй байгууллага гэж байхгүй. Төсвийн бүх байгууллага, төрийн өмчит байгууллага, орон нутгийн өмчит компаниуд гээд бүгдийг оруулж ирж байгаа юм. Энэ хуулийн үйлчлэлд хамрагдахгүй байгууллага гэж байхгүй.
Төрийн өмчит компаниудын гар утасны зардлыг компани төлдөг. Үүнтэй холбоотой бизнес арга хэмжээний зардлыг нь төлдөг. Төрийн өмчит компаниудын захирлууд бизнес ангиллаар нисдэг. Үүнийг нь бид журамлаж байна.
Сангийн яам олон жил хэмнэлт хийж байсан. Төрийн өмчит, орон нутгийн өмчит компаниуд, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хэмнэлтийг хэрэгжүүлэхгүй байх янз бүрийн зөрчил гарсан. Тиймээс бид хэмнэлтийг хуульчилж орж ирсэн. Бид бусад орны жишээг ч үзсэн. Нарийвчлан хуульчилсан зүйл байна” хэмээв.
Б.Ирээдүй