Барууны орнуудаар аяласан тухай тэмдэглэл бичээч гэсэн санал цөөнгүй ирэх юм. Би явах зуураа ерөнхийдөө бага сагахан юм оруулаад л явсан. Тоймтойхон юм бичих гэхээр нэг л тийм уур цухал хүрээд байх. Яагаад гээч. Харьцуулан судалж, эргэцүүлэн бодоод гомдол төрөөд бүр болохгүй юм л даа. Тэндэхийн суурин соёлтой бол ярилтгүй л дээ. Хэдэн зуу, бүр мянган дамжсан суурин соёлтой улсууд тийм дайны хөгжилгүй ч яахав. Бусдад гайхуулах сайхан нь ердөө тэр л дээ.
Гэтэл манайхан бусдад гайхуулах юутай билээ гээд бодоход хүрнэ. Бид хөөрхийс суурин ч биш, нүүдэлчин ч биш хоёрын хооронд үлгэн салган амьдарцгааж байна. Бүр суурин амьдралтай нь бараг 70 хувь болчихсон, үлдсэн 30 хувийг эзэлдэг нүүдэлч малчин амьдрал нь улам бүр хумигдаад энэ тухай бодохоос л гол харлаад байх болчихсон. Түүнээ тоож байгаа ч юмгүй. Ойлгоход машид төвөгтэй ард түмэн санж. Уламжлалт Монгол ахуй өв соёлоо ярьдаг мань мэтийгээ дэмжихээсээ ад шоо үзэх нь олон болчихсон. Хамгийн үнэ цэнэтэй зүйлсээ хайр гамгүй орхиж гээж байгаагаа хөгжиж байна гэж андуурдаг тийм тэнэг улсын иргэн гэхээсээ үнэндээ уур цухал хүрсээр яваад л ирсэн.
Одоо тэгээд цаашид хэрхэхийг ёстой тэнгэр л мэддэг байх даа.. Тэр барууны орны улс амьтад болохоор нэг л тийм сэтгэл өег явцгаана. Тэдний ерөнхий байр байцыг ажих нээ нэг л томоос том даваа давчихаад цаашид ямар даваа гүвээ давах тухайгаа хэдийнээ тодорхой төлөвлөчихсөн аятай харагдах. Ээ, тэдний тэр л нийгмийн чиг хандлагын болоод өөрийнхөө төлөө гэсэн ягшмал ухамсар нь бүр атаархал төрмөөр. Нэг ширхэг тамхины ишээ ч хогын саванд хийчихэж байна шүү дээ. Тэгээд тэр нутгийн Монголч эрдэмтэд юу гэсэн гэээч.
– Монгол улс шиг диваажин дэлхийд байхгүй. Танайхан яг манайхыг дуурайж суурин газрын улс болтлоо даруй 200 жил хэрэгтэй. Тэр болтол юу болохыг мэдэхгүй байна гээд даажинтайгаар хөхрөөд байв. Танай улс бол бэлчээрийн мал аж ахуйн соёлоо хадгалж түүгээрээ биднийг татах ёстойг анхаарцгаа! Мэдээж тодорхой хувь нь суурин сууж л таарна. Гэхдээ 70 хувь нь хөдөө орон нутагтаа амьдрах орчин нөхцөл хангалттай бий гэлээ.
Нэгэн улсын эрдэмтэн нь өгүүлэхдээ,
– Тэртээ 1983 онд танай улсын хөдөө хотоор явж байхад машид таалагдаж байсан. Саяхан 10 орчин жилийн өмнө очиход танай Монголчууд хаашаа нүүчихсэн юм бүү мэд, эзгүй орон зай, баахан ухсан газар шороо л харагдаад байсан. Хайран биш гэжүү гээд толгой сэгсэрч байв. Үүнийг нэг бус хэд хэдэн улсын Монгол судлаач эрдэмтэд хэлсэн шүү та минь ээ.! Тэгээд бид үнэндээ ичих шиг болоод дэмий л бие бие рүү гээ нэг том харав. Тэднээс асуулаа л даа.
– Яагаад ийм болчихов. Та юу гэж бодож байна гэтэл мөн л толгой сэгсрээд бидний өмнөөс бүр санаа нь зовсон байртай цаанаа л нэг тийм гаслангуй дуугаар,
– Танай улсаас нэг л зүйлийг ер огт ойлгохгүй юм. Хамаг сайхнаа устгаад үгүй хийчихдэгт гэв. Хуучнаа өөд нь татдаг атал устгаад байхаар яаж соёлтой ард түмэн болохов дээ гэв.
Тэгээд тэр эрдэмтэд юу гэсэн бэ гэхээр МОНГОЛ судлаад 40, 50 жил болоход яг өөрийн улс орон шигээ харамлах сэтгэл төрдөг. Түүнийг ойлгохгүй нь даанч харамсалтай гээд арга нь барагдсан шинжтэй сууж байсан шүү!
Хумбагарын Батмэнд 2022 он