УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах чиглэлд авах арга хэмжээний талаар танилцуулав. Хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжид дараах арга хэмжээг авна.
Үүнд:
Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
- Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
- Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох,
Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах, - Хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгох,
Харин Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор дараах татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгалаа:
- 2023 оноос хойш хэрэгжих дулаан, цахилгааны төслүүд борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар тус тус орлогын татвараас хөнгөлөх,
- Орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлж байгаа уул уурхайн лиценз эзэмшдэгээс бусад аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор орлого олж эхэлсний дараагийн гурван жил 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татварыг хөнгөлөх,
- Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компани нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож татвар ногдох орлогоос хасах,
- Уул уурхайн лиценз эзэмшдэггүй компанийн орон нутагт барьж байгуулсан барилга байгууламжийн элэгдэл тооцох хугацаа одоо 25 жил байдгийг өөрийн сонголтоор таван жилийн дотор түргэн хугацаанд элэгдүүлэн зардлаа хурдан нөхөх боломж олгож дэмжлэг үзүүлэхээр,
- Уул уурхай лиценз эзэмшдэгээс бусад орон нутагт үйл ажиллагаа явуулдаг, орон нутагт бүртгэлтэй компани ажил хайгч иргэнийг шинээр ажилд авч ажиллуулсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлэхээр тусгалаа.