2022 оны тавдугаар сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэхгүй бол газраа алдана гэх мэдээлэл олон нийтийн дунд тархаад байна. Тодруулбал, Эрх бүхий этгээдийн шийдвэр гарч гэрээ, гэрчилгээ бичигдсэн хэдий ч Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй нэгж талбарыг нөхөн бүрдүүлэх ажлыг 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тус ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд 31072 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгэгдээд байгаа аж.
Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан байна. Энэ тухай тус газар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Уг мэдээлэлдээ “Нөхөн бүрдүүлэх ажлын хугацаа дуусах дөхсөнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олон нийтийн хандах ачаалал хэт их нэмэгдэж хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа тул дээрх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргалаа.
Мөн кадастрын мэдээллийн системд нэмэлт хөгжүүлэлтийг гүйцэтгэж иргэн, хуулийн этгээд www.egazar.gov.mn системээс “Өөрийн газраа кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт”-ийг илгээх боломжийг бүрдүүллээ.
Энэ нь иргэн, хуулийн этгээдийн нэр дээр эрх бүхий этгээдийн шийдвэрээр олгогдсон газрын гэрээ, гэрчилгээ холбогдох материал байгаа бол www.egazar.gov.mn системд бүртгэлтэй эсэхийг шалгаж хэрэв мэдээлэл байхгүй бол цахим хүсэлтээ илгээх юм.
Газрын албаны мэргэжилтэн цахим хүсэлтээр ирүүлсэн материалд хяналт тавьж өргөдөл үүсгэн нөхөн бүрдүүлэх зарчмаар мэдээллийн санд бүртгэх боломжийг бүрдүүлээд байна.
Нөхөн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд Монгол улсын хэмжээнд 68172 нэгж талбарыг кадастрын мэдээллийн санд бүртгээд байна” гэжээ.