Салбарт нь өчнөөн хэрэг мандчихаад байхад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт яагаад хариуцлага тооцохгүй, таг чиг байна вэ. Уг нь сайд хүн салбарынхаа ажлыг хийж чадахгүй байвал огцруулдаг жамтай. Тиймдээ ч БСШУС-ын сайд асан Ж.Батсуурийг математикийн улсын шалгалтын хариу задарсных нь төлөө огцруулж, академич Г.Чулуунбаатарыг тус салбарын сайдаар томилсон удаатай. Тэгвэл үүнээс ч илүү хэрэг эрүүл мэндийн салбарт мандчихаад байна.
Тодруулбал, энэ сарын 3-нд Өвөрхангай – Улаанбаатарын чиглэлд Гэмтлийн эмнэлгийн эмч нарын зорчиж явсан “УБН 8979″ улсын дугаартай приус машин Элсэн тасархайгаас 10 гаруй км-ийн зайд зорчигч тээврийн автобустай мөргөлдөж осолдсон хэрэг гарсан билээ. Ослын улмаас Гэмтлийн эмнэлгийн зургаан ажилтан хүнд гэмтэл авсан байдаг.
Тухайн үед Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж салбарынхаа ажилтнуудыг Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгааг хийхийг үүрэг болгон тал тал тийш явуулсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байсан. Гэвч удаа ч үгүй ГССҮТ-ийн удирдлагууд сайдын тушаалаар яваагүй, бид амарч явсан хэмээн тайлбар хийснээр энэ хэрэг таг чиг болсон. Өөрөөр хэлбэл, одоог хүртэл осолд орсон эмч нарын биеийн байдлын талаархи мэдээллийг нууцалж байна. Тухайн үед хоёр эмч нь сэхээн амьдруулах тасагт байгаа талаар мэдээлж байсан. Гэвч тэдний талаархи мэдээллийг одоог хүртэл нууцалж байгаа юм.
Эрүүл мэндийн салбарын балаг үүгээр дуусахгүй. Завхан аймгийн Түдэвтэй сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд 13 настай унаач хүү Л.Баасандорж мориноос унаж, тархины суурь ясны хугарал, няцрал оноштойгоор Түдэвтэй сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Улмаар түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарын баг ”Блью скай” компаний онгоцоор тээвэрлэн 19 :10 цагт Улаанбаатарт авчирч ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байгаа билээ.
Унаач хүү эсэн мэнд төв хүрээ газар бараадан улсын эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч түүний онгоцны зардлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ үед хариуцах ёстой хүн бүр л чих нь дүлий, нүд нь балай царайлцгаасан.
Товчхондоо гэвэл салбарын сайд нь ч гараа хөдөлгөхгүй байсан асуудлыг залуухан эмч нар шийдэж, онгоцны зардал болох хоёр сая 500 мянган төгрөгийг өөрөөсөө гаргасан байдаг. Салбартаа гарсан иймхэн асуудлыг шийдчихэж чадахгүй сайд гэж байх уу. Уг нь эрүүл мэндийн салбарынхан хүнд бэртэлтэй өвчтөнг зөөвөрлөх зардал мөнгийг төсөвт суулгаж өгмөөр юмсан даа. Алийн болгон төсвийн цалинтай эмчийнхээ цалингаас ичих ч үгүй зулгааж суухав.
Жирийн нэг эмч хүн энэ хэмжээний сэтгэл гаргаж асуудлыг шийдвэрлэж байхад салбарын сайд нь энд тэнд очин шагналын хур буулган өөрийгөө нэг л сайхнаар харагдуулж явах юм даа. Шагнал тараахаас илүү чухал асуудлууд салбарт чинь байна сайд аа. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт ямар ахиц дэвшил гарав. Захын нэг дүүргийн Эрүүл мэндийн байранд ороод үзээч.
Нурж унах дөхсөн 50, 60-аад оны байранд үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Ийм л холион бантан эрүүл мэндийн салбарт болж байхад өдийг болтол хариуцсан сайдад нь арга хэмжээ авахгүй байгаагийн учир юу вэ. Шалгалтын хариу задарсны төлөө огцруулж болсон. Гэтэл бүхэл бүтэн хүмүүс эрүүл мэндээрээ хохирчихоод байхад огцруулах хангалттай шалтгаан баймаарсандаа.
mminfo.mn