Дэлхийн II дайны дараа эвдэрч сүйрсэн Европыг сэргээн босгох, Европ тивд ЗХУ, АНУ, Их Британийн цэргийн оролцоог хязгаарлаж, Европын улсууд өөрийнхөө хувь заяаг гартаа авах зорилгоор 1951 онд Европын 6 улс анх “Ган ба Нүүрсний гэрээ” байгуулснаар өнөөгийн Европын холбоо үүсэх нөхцөл бүрджээ. Улмаар 1957 оны Ромын гэрээгээр Европын Холбооны суурь тавигдаж, 1985 оны Шенгений гэрээ, 1992 оны Маастрихтын гэрээ, 1997 оны Амстердамын гэрээ, 2007 оны Лиссабоны гэрээгээр гишүүн улсууддаа үйлчлэх төр эрх зүйн суурь систем бий болгож, дундын нэгдсэн хил, нэг зах зээл, нэгдсэн мөнгөн тэмдэгт, хууль эрх зүйн системтэй болсон. 1957-2013 оны хооронд гишүүн улсуудын тоо анхны 6 улсаас 27 улс болтлоо (Их Британи холбооноос гарсан 1973-2020) өргөжсөн.[1] Европ тив сүүлийн 3000 жилийн түүхэндээ нэг гүрний харьяанд эсвэл холбооны улсын хэлбэрээр оршиж үзсэн олон жишээ бий. Эдгээрийн хамгийн боловсронгуй хэлбэр нь 1951 оноос эхэлсэн өнөөгийн Европын Холбооны формат юм.
2022 оны 1 дүгээр сарын байдлаар Европын Холбооны: газар нутаг 4.233 сая кв.км (дэлхийд 7-р байр), хүн амын тоо 447.2 сая (дэлхийд 3-р байр), ДНБ хэмжээ $17 их наяд (дэлхийд 3-р байр), эргийн шугамын урт 66,000 км, усан хилд хамрах эдийн засгийн онцгой бүсийн талбай 19 сая кв.км (дэлхийд 1-р байр)[2] далайн чанад дахь газар нутаг, арал, тусгай бүсүүдээ оруулаад дэлхийн 4 далайг бүхэлд нь дамнан оршдог, Европын Холбооны боомтуудын жилийн ачаа эргэлт 3.32 тэрбум тонн хүрч байна.[3] Эдгээр үзүүлэлт нь улсын хүч чадлын гол элемeнтүүд (Х.Моргентаугийн тодорхойлсноор) Европын холбоонд бүрэн бүрдсэн байгааг илэрхийлнэ.
Олон улсын тавцанд Европын Холбоо дэлхийн олон улс, холбоо, тивийн хамгийн том худалдааны түнш нь болж байна:[4]
- БНХАУ–Европын Холбооны худалдаа эргэлт $828 тэрбум (1)
- НУ–Европын Холбооны худалдаа эргэлт $696 тэрбум (1)
- ОХУ–Европын Холбооны худалдаа эргэлт $273 тэрбум (1)
- Африк–Европын Холбооны худалдаа эргэлт $317 тэрбум (1)
- ASEAN–Европын Холбооны худалдаа эргэлт $210 тэрбум (2)[5]
Худалдаа, эдийн засгийн болон бусад хамтын ажиллагааны талбарт Европын Холбоо өөрийн түнш бүрийн тэргүүлэх хамгийн чухал түншид тооцогдож байна. Улс орнууд Европын Холбоотой худалдааны ашигтай хэлцэл байгуулах, худалдан авах өндөр чадвартай зах зээлд нь нэвтрэх, өндөр технологи авах, бусад хамтын ажиллагааны хөтөлбөрт нь нэгдэхийг зорьж байна. Зөөлөн хүчний энэ үнэмлэхүй давуу талаа ашиглан ирээдүйд Европын Холбоо дэлхийн бодлогод оролцогч бүх талуудад нөлөөлж чадах, заримдаа бодлого шийдвэр тулгаж чадах чадамжтай геополитикийн нэгэн шинэ хүндийн төв болон хувирч байна.[6]
Европын Холбооны хэтийн зорилго, зорилт
Европын Холбооны хөгжлийн хэтийн зорилго нь дотоод интеграц, тэлэлтийн орон зай, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон улсын талбарт тоглогч болох гэсэн дөрвөн үндсэн стратеги хэрэгжүүлж буйг ажиглаж болно.[7]
Холбооны дотоод интеграц нь гишүүн улсуудын бүх төрлийн харилцааг зохицуулах 100 мянга орчим хууль, журам, чиглэл, шийдвэрийн баримт бичигт[8] суурилдаг ба дотоод интеграцыг хангаж өгдөг.
Европын Холбоо тэлэлтийн орон зайгаа Баруун Балканы 6 улс (Серби, Монтенегро, Умард Македони, Босни Герцеговин, Косово, Албани), Зүүн Европын 6 улс (Украин, Беларусь, Молдав, Гүрж, Армян, Азербайжан) гэсэн хоёр үндсэн чиглэлд идэвхтэй хэрэгжүүлж байна.[9] (Хавсралт-1) Үүнтэй зэрэгцэн хэрэгждэг “Northern Dimension” нэртэй түншлэлийн өөр нэг формат нь Норвеги, Исланд хоёр улсыг Евро интеграцид ойртуулах зорилготой.
Европын Холбооны хэрэгжүүлдэг “Бүс нутгийн хамтын ажиллагаа” нь гадаад бодлогын чухал чиглэл болж хувираад байна. Үүнд: Хөршүүдийн түншлэл (16 улс), Газар дундын тэнгисийн бүс нутгийн түншлэл, Хар тэнгисийн синерги санаачилга, Арктикийн бодлого, Латин Америкийн хамтын ажиллагаа, АСЕАН-ны түншлэл зэрэг үндсэн чиглэлүүдтэй.[10]
Европын Холбоо дэлхийн талбарт үндсэн тоглогчдын нэг болох бодлого нь Евро-Атлантын эвслийн ерөнхий үзэл санаа дээр суурилдаг. Европын Холбооны хөгжүүлж буй NATO, АНУ-тай түншлэх олон талт стратегийн чиглэл, Европын Холбоо, Японы стратегийн түншлэл зэрэг нь олон улсын талбарт өөрийн нөөц чадамжыг харуулж бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломж бүрдүүлж байна.
Европын Холбоо геополитикийн нэгэн шинэ туйл болох нь
Европын Холбооны эдийн засгийн болон улс төр, дипломатын хүчин чадал, дотоод интеграцын хөгжил, нарийн төлөвлөсөн хөгжлийн төлөвлөгөө зэргийг харвал энэ цаг үед бүрэлдэж буй олон туйлт харилцааны орчинд нэгэн шинэ хүндийн төв, геополитикийн үндсэн тоглогчдын нэг болох төлөв ажиглагдаж байна. Европын Холбоо цаашид Холбооны системтэй Нэгдсэн улсын хэв шинж рүү алхам алхмаар дөхөж буйг батлан гаргаж буй үзэл баримтлал, баримт бичиг, бодлогын чиглэл, стратеги, шийдвэрүүд зэргээс нь анзаарч болно.[11]
Еврокомисс ба Европын Холбооны Зөвлөл гэсэн 2 институц дотор жин дарах үндсэн төв тэнхлэг нь Герман, Франц улсуудын нягт холбоо харилцаан дээр суурилдаг. Еврокомиссийн 27 комиссарыг 27 гишүүн улс хувааж томилдог ба Бодлогын үндсэн чиглэлийн 34 газартай. Европарламентын онцлог нь Европын иргэдээс шууд сонгогддог институц бөгөөд хүн амын тооноос шалтгаалан улс бүрт квот хуваарилж парламентын 705 суудлыг хуваадаг. Европарламент нь үзэл баримтлал, улс төрийн чиг баримжаагаар ялгарсан 8 үндсэн бүлэгт хуваагдсан. 2021-2027 оны Европын Холбооны төсөв 1.07 их наяд евро болсон[12] ба энэ нь гишүүн болгоны улсын төсвөөс тусдаа төсөв болж Европын Холбоог бие даасан бодлого явуулж үйл ажиллагаа хэрэгжүүлэх санхүүгийн боломж бүрдүүлж байна.
Европын Холбооны гадаад бодлогын нэгдсэн координац хэрэгжсэн тод жишээг Европын Холбоо БНХАУ хооронд байгуулагдах “Хөрөнгө оруулалтын өргөтгөсөн хэлэлцээр”-ийн драфтыг Шинжаан Уйгур дахь хүний эрхийн асуудлаас шалтгаалан 2021 оны 5 дугаар сард Европарламент соёрхон батлахгүй царцааж,[13] хоёр талын холбогдох албан тушаалтнуудад харилцан хориг тавилцсан шийдвэрээс харж болно. Энэ явдал БНХАУ-ын эрх баригчдыг Европын Холбоотой цаашид өрнүүлэх худалдаа, хөрөнгө оруулалт, тарифын бодлогодоо хянуур болгоомжтой хандах, зарим талаар дуу хоолойгоо зөөллөхөд хүргэсэн.
2018 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын үед Европын Холбооны ган, хөнгөн цагааны импортын тариф нэмсэн явдалд Европын Холбоо хариу хоригийг Америкийн зарим бүтээгдэхүүнд тавьж худалдааны харилцаанд хүндрэл үүссэн. 2021 онд ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа Д.Трампын үеийн хоригийг зөөллөж, АНУ импортын нэмэлт татваруудаа сулласан нь Европын Холбооны хувьд худалдааны бодлогын том ялалт болсон юм.[14]
2022 оны 1 дүгээр сард ОХУ-ын ГХЯ-аас Европын Холбооны гишүүн орон бүрт тус тусад нь хандаж Европын аюулгүй байдлын тухай шаардлага хүргүүлсэн. Гэвч ОХУ-ын шаардлагад хариу өгөхдөө улс орон бүр тус тусдаа хоёр талын харилцааны шугамаар биш харин Европын Холбооны шугамаар нэг л хариу өгсөн нь[15] ОХУ ын шахалтыг сөрөн зогсох нэгдсэн том хүч болсноо харууллаа.
Цаашид ч олон улсын тавцанд энэ форматаар нэгдсэн Европын тоглолт хийнэ гэдгээ Европын Холбооны эрх баригчид зарлаж байна. Дэлхийн тавцанд Европын Холбоо бие даасан том хүч болж гарч ирэх нь АНУ-д ч ашигтай хувилбар болно. Олон туйлт харилцааны орчинд глобал асуудлуудад АНУ дангаараа оройлоход хүч тарамдаж буй энэ үед Европын Холбоо нь АНУ-ын стратегийн ашиг сонирхолд нийцэх юм. АНУ өөрийн талд Европын Холбоо, QUAD, AUKUS, NATO гэсэн дөрвөн эвсэл үүсгэж ирээдүйд БНХАУ-тай хийх стратегийн өрсөлдөөнд орохоор бэлдэж байна.[16]
2022 оны 2 дугаар сарын 24-нд Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо 48 цагийн дотор ОХУ-ын эсрэг анхны багц хориг арга хэмжээг шуурхай зарлаж улмаар 20 хоногийн хугацаанд дангаараа 4 цуврал багц хориг зарласан.[17] Украинд үүссэн асуудалтай холбогдуулан 8 хоногийн дотор Украин, Молдав, Гүрж улсуудаас Европын Холбоонд элсэх хүсэлтүүд хүлээн авч, Украиныг элсүүлэх процессыг эхлүүлэх шийдвэр гаргалаа.[18] Ингэхдээ Европын Холбоо дангаараа эсвэл АНУ, “7-ийн бүлэг” зэрэг бусад холбоотон орнуудтайгаа хамтарч бодлогын координац хийснийг ажиглахад шийдвэр гаргах хурд, далайц, чадамж, нөлөөлөл нь институцын хувьд дэлхийн геополитикийн бие даасан тоглогч болж хувирч буйг тод харуулж байна.
2022 оны 3 дугаар сарын 10, 11-нд Францын Версальд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтаар ОХУ-аас худалдан авдаг байгалийн хий, газрын тос, нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар бүрэн татгалзах шийдвэр гаргасан нь бүс нутгийн төдийгүй олон улсын тавцанд улс төр дипломат, эрчим хүч, эдийн засгийн бие даасан үндсэн тоглогчийн нэг болж буйг нотлож байна.[19]
Версалийн уулзалтанд санал нэгдсэн өөр нэг чухал зүйл нь Европын Холбоо өөрийн бие даасан аюулгүй байдал, батлан хамгаалах стратегийн чадамжтай болох тухай дотоод зөвшилцөл байлаа. Зөвхөн NATO-гийн хүрээнд аюулгүй байдлаа даатгах нь хангалтгүй, NATO-гийн гишүүн биш улсууд Швед, Финланд болон Европ тивийн бусад улсуудад (Украин г.м) тулгарах батлан хамгаалах, аюулгүй байдлын бусад сорилт бэрхшээлд Европын Холбоо бие даасан бодлого явуулж, хариу арга хэмжээ авах чадамжтай байх ёстойг Версалийн уулзалтаар тунхагласан. Ингэснээр 2021-2027 оны төсвийн цикл болон 2028-2034 оны дараагийн төсвийн хүрээнд Европын Холбооны стратегийн тусгаар байдлыг хангах төсвийн багц томоохон жин дарах төлөвтэй боллоо. Украин дахь нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхтэй уялдан Европын Холбоо батлан хамгаалах, аюулгүй байдлын үзэл баримтлалаа шинэчлэн гаргах, NATO-той аюулгүй байдлаа хэрхэн холбож зохицуулах тухай нарийвчлан тохирох, зарчмаа тодотгох (NATO-ийн гишүүн 30 улсын 21 нь Европын Холбооны гишүүн байна) шаардлага үүсээд байна.[20]
Европын Холбооны тэлэлт ба Зүүн Европ дахь ашиг сонирхол
Европын Холбооны дорно зүгт тэлэх төлөвлөгөө нь 2009 онд Украин, Беларусь, Молдав, Гүрж, Армян, Азербайжан улсуудыг элсүүлж интеграцчилах “Eastern Partnership” хөтөлбөр зарлагдахад бүрэн ил болсон.[21] Улмаар 2019 онд болсон тус түншлэлийн хөтөлбөрийн 10 жилийн ойгоор Европын Холбоонд бүрэн интеграц хийж гишүүн болгох хугацааг 2030 он гэж тодорхой зааж, дээрх 6 улсыг институцийн түвшинд бэлтгэл хангуулахад гарах зардлыг төсөвтөө суулгасан юм.[22]
2020 оны Беларусийн Ерөнхийлөгчийн сонгууль хүчин төгөлдөр бус гэсэн маргааны улмаас тус улсын Евро интеграцыг түр зогсоосон ба сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаяаг Европын Холбоо дэмжиж сургаж ирээдүйн Беларусийн удирдагчаар бэлтгэж байна.[23]
Азербайжаны хувьд улс төрийн систем, ардчиллын зарим асуудал, бүс нутагтаа Армянтай мөргөлдөөнтэй байгаа зэрэг нь Евро интеграцид нэгдэх явцыг бага зэрэг удаашруулах шалтгаан болж байна.[24] Армяны хувьд Москвагаас хамаардаг хамаарлаа багасгах, Азербайжантай үүссэн Уулын Карабахын асуудлаа шийдэж эрх зүйн маргаангүй болохыг Европын Холбоо сануулж шийдэл олоход нь дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн.[25] Украин, Гүрж, Молдав улсуудын хувьд газар нутгийн тодорхой хэсэгт нь ОХУ-ын зэвсэгт хүчин байршиж салан тусгаарлагч муж хязгаарууд оршиж байгаа нь Евро интеграц хийхэд гол саад болж байна. Гэсэн ч эдгээр гурван улс элсэх хүсэлтээ 2022 оны 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд Европын Холбоонд албан ёсоор гаргаад байна.[26]
Украин улсад үүссэн нөхцөл байдал нь нэг талаас АНУ, NATO, Европын Холбоо нэгддэг “Евро-Атлантын орон зайн тэлэлт” нөгөө талаас хуучин ЗХУ-ын орон зайд ОХУ-ын үүсгэхийг оролдож буй “Евразийн орон зай” гэсэн хоёр том геополитикийн блокийн дундын мөргөлдөөн гэдэг нь олон хүчин зүйлээр харагдаж байна (Хавсралт-2). Европын Холбооны хувьд Украин нь ямар чухал ашиг сонирхол бүхий бүс вэ гэдгийг тоон статистикаар харж болно:
Украины 43 сая хүн ам эрүүл мэнд, боловсролын түвшин сайтай тул Европын Холбооны хүн ам, ажиллах хүчний стратегийн бэлэн нөөц[27] болох юм. Африк, Ойрх Дорнод, Латин Америкаас Европт ирдэг бусад ажиллах хүч, цагаач, дүрвэгсдийг бодвол Украины ажиллах хүч нь суурь ба дээд боловсрол, мэргэжил, мэргэшил, хэлний мэдлэг, соёлын түвшин, нийгэмшилт сайтай зэрэг олон талаар давуу талтай.[28]
Украины газар нутаг 603 мянган кв.км бөгөөд ХАА-н эдэлбэр газар 42 сая га нь дэлхийн үржил шимт хар хөрсний нөөцийн 25% болдог. 2020 онд 32 сая га-д тариалалт хийж зөвхөн улаан буудайн ургац гэхэд 65 сая тонныг хураасан бөгөөд ургац авах дээд боломж нь 140 сая хүртэл тонн хүрнэ.[29] Украины хөрс шороо, газар тариалангийн нөөц баялаг нь ирээдүйд Европын Холбооны үр тарианы бодлогын үндсэн суурь болж Хойд Африк, Ойрх Дорнодын 600 сая хүн амтай бүс нутагт улаан буудай нийлүүлдэг ОХУ ын зах зээлийг булааж “Хүнсний геополитикийн” хамгийн том тоглогч болгох юм.
Украин нь ЗХУ-ын үеэс уламжлалт аж үйлдвэрийн суурь сайтай, мэргэшсэн хүний нөөцтэй, түүнийгээ бэлтгэх их дээд сургууль, судалгааны институттэй. Украины цэрэг-батлан хамгаалах аж үйлдвэр, агаар-сансрын үйлдвэрлэл, цөмийн эрчим хүч, металлургийн үйлдвэрүүд хэдий дайны хөлд сүйдэж байгаа ч өмнөх уламжлал, мэдлэг, суурь нь байгаа тул эргэн сэргээх боломжтой. Украины аж үйлдвэр ирээдүйд Европын Холбооны аж үйлдвэрийн чадамжыг[30] үлэмж хэмжээгээр нэмэх үнэт нөөц болно.
Украины Одесса болон Мариуполь хотуудад хагас дамжуулагч, чип үйлдвэрлэхэд хэрэглэдэг лазер машины үйлдвэрийн неон хийн дэлхийн хэрэгцээний 50-70 хувийг үйлдвэрлэж нийлүүлдэг.[31] Европын Холбоо 2022 оны 1 дүгээр сард хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөх шинэ стратеги гаргасан[32] ба Украины неон хийн технологи үүнд чухал байр суурь эзлэж байгаа юм.
ОХУ-тай шууд тулгарах геостратегийн өрсөлдөөнийг амжилттай давж, 2030 оны орчимд Зүүн Европын 6 улсыг өөртөө элсүүлж интеграц хийж чадвал Европын Холбооны нутаг дэвсгэр 4.233 сая кв.км-ээс 5.264 сая кв.км болж өргөжих бол хүн амын тоо 447 саяаас 510 саяд хүрнэ. Мөн Европын Холбооны ДНБ хэмжээ $17-22 их наяд хүрч өсөх[33] боломжтой. Украинаас гадна Азербайжан улсыг Евро интеграцид нэгтгэх нь Төв Ази, Каспийн тэнгисийн сав газраас байгалийн хий, газрын тосны нийлүүлэлтийн суваг[34] үүсгэж Европын эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахаас гадна Европын Холбоо өөрөө Ойрх Дорнод, Төв Азийн бүс нутагт шууд хил залгах шинэ хүчтэй, том тоглогч болж орж ирэх юм.[35] Армян, Азербайжаны гишүүнчлэлийн үйл явцад Турк улсын (Турк улс нь 1995 оноос Европын Холбоонд элсэх хүсэлт гаргаад 1999 онд кандидат статустай болсон) байр суурь нөлөөлөх ба энэ чиглэлд Европын Холбоо Турктэй тодорхой хэлцэл хийж ойлголцолд хүрэх шаардлага үүснэ.
Европын Холбооны тэлэлтийн үйл явц төлөвлөсний дагуу өрнөвөл Төв Ази, цаашлаад Ази тивийн эх газрын уудам орон зай нь БНХАУ, ОХУ, Европын Холбоо, АНУ тэргүүтэй QUAD эвслийн геостратегийн өрсөлдөөний дундын талбар болох магадлал байна. Үүнтэй зэрэгцэн тус бүс нутагт Турк улсын манлайлж хөгжүүлж буй Түрэг хэлт улсуудын зөвлөл[36] байгууллагын өсөлт хөгжлийг анхааралтай ажиглах шаардлагатай.
Эцэст нь Монгол Улсын тухайд Европын Холбоотой “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан нь 2017 оноос үйлчилж[37] эхэлснээр Улаанбаатар хотод Европын Холбооны төлөөлөгчийн газар нээгдсэн. Мөн Европын Холбооны худалдааг хөнгөвчлөх EU TRAM төсөл Монгол улсад амжилттай хэрэгжсэн,[38] 2006 оноос худалдааны хөнгөлөлтийн GSP+ системд нь нэгдэж 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнд тарифийн хөнгөлөлт[39] эдлэх болсон, 2022 оноос Газарзүйн нэршлийн системд нь бүртгэгдэж эхэлсэн зэрэг нь хоёр талын харилцаа цаашид олон талбарт хөгжих суурь болж байна. 2018 оны байдлаар хоёр талын худалдаа эргэлт 524 сая еврод хүрч Европын Холбоо нь Монгол улсын (БНХАУ, ОХУ ын дараа) 3 дахь том худалдааны түнш болоод байгаа юм.