Шадар сайд С.Амарсайхан ипотекийн төсөл хөтөлбөртэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ “Ипотекийн зээл өнөөдөр зургаан хувийн хүүтэй болсон хэдий ч дахин 1,6 орчим хувийг нэмэлт шимтгэл маягаар МИК авч байна гэж мэдээлсэн. Тэгвэл МИК-иас өнөөдөр /2022.04.18/ мэдээлэл хийлээ.
МИК-аас мэдээлэл өгч байна. МИК ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга:
“Монголын ипотекийн корпорацыг 2006 онд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк, арилжааны 10 банк хамтран бодлогоор үүсгэн байгуулсан. 2015 оноос Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй (MSE: MIK) олон нийтийн эзэмшлийн хувьцаат компани болсон. Анх үүсгэн байгуулсан арван банкнаас одоо 5 нь л байгаа нь банкны салбар ямар их эрсдэлтэйг илтгэнэ.
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцөлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог юм. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй, зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй.
МИК бол үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг мэргэшсэн санхүүгийн байгууллага юм. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас багцлан, тусгай зориулалтын компаниар дамжуулан худалдан авдаг. Дараа нь үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль бий. Банканд баталгаат бонд өгч, банкууд энэ бондоор Төвбанкнаас авсан зээлээ төлдөг.
Ингэснээр энэ хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 90 мянга гаруй айл өрх өөрийн орон сууцтай болсон. Зээлийн хүү 5-8 хувь байв.
Ипотекийн зээлийг олгосноор барилгын салбараас гадна цахилгаан бараа, гэр ахуй гэх мэт олон салбарт эерэг нөлөө үзүүлдэг. Төв банк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө банкууд ипотекийн зээлийг жилийн 18-24 хувийн хүүтэй олгож байв. Шадар сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргасны дараа манай хувьцааны үнэ буурсан.
Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна. 65 мянган зээлдэгчийн 87 хувь нь зээл төлөлтөө хойшлуулсан. Харин энэ хугацаанд бид бондын хөрөнгө оруулагчдад төлбөрөө төлөх үүрэгтэй тул нөө сангаасаа төлбөр төлсөөр ирсэн. 2020 оны эцэст 110, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Төрийн ачааг үүрэлцэж байна” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Танай компани иргэдээс 1.6 хувийн хүү авдаг гэх мэдээлэл гараад байгаа?
-Иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс МИК хүү авдаггүй. Цар тахлын хугацаанд иргэдийн зээлийг төлүүлэхгүй царцааж байсан. Энэ хугацаанд МИК нөөц сангаасаа гаргаж, зээлийг зогсоохгүйгээр үргэлжлүүлж ирсэн байдаг. Зээлийн эрсдэлийн сан гэж бий. Энэ санг бид заавал байгуулах үүрэгтэй. Банкуудын олгосон ипотекийн зээлийг багцлан үнэт цаасжуулахад зардал гардаг. Энэ нь банкнаас тухайн зээлийг олгохдоо гаргасан зардлаас өөр, тусдаа асуудал юм. Зээлийн хүүг бууруулсан ч энэ зардал гардгаараа л гарна.
1 comment
Шалгах хэрэгтэй үнэндээ манай монгол шиг хамгийн өндөр хүүтэй ипотек бхгүй шүү ард иргэдээ шулж мөнгө угаахгүй шүү ер нь ипотек дээд тал нь 3% бхд болношд эхний хэдэн жилүүдэд үндсэн зээлээс хасдаггүй дан хүүгээ авдаг