Олон улсыг хамарсан Ковид-19 цар тахал, ОХУ болон Украйны хооронд үүссэн нөхцөл байдлаас болсон улс орнуудын хориг арга хэмжээ зэрэг нь улс орны эдийн засагт асар их нөлөө үзүүлж байна. Энэхүү нөлөөллийг манай улс ч дайран өнгөрөх нь тодорхой. Тиймээс Засгийн газрын зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тал дээр тодорхой арга хэмжээ аваад байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол шатахуун. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн ярьж буйгаар бол цаашид шатахууны үнэ нэмэгдэхгүй аж. Сайд энэ тухайгаа IKON.mn сайтад өгсөн ярилцлагандаа дурьджээ. Тэрбээр ” Засгийн газраас “Роснефть” компанитай хэлэлцээр хийснийг дээр дурдсан. Ямар ч байсан шатахууны үнийг энэ түвшнээс өсгөхгүй байх арга хэмжээг авсан.
Энэ хүрээнд импортлогч компаниудад хөнгөлөлттэй урьдчилгаа төлбөрийн зээл олгож байгаа. Тэгэхээр бид тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөрийг хэдэн сараар төлөөд үнийг өсгөхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн тодорхой зүйл гэвэл АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 800-1,000 төгрөгөөр нэмэгдэх бодитой нөхцөл үүссэн байсан. Бид таван жилийн хугацаатай гэрээ хийдэг.
Хуулийн хугацаатай гэрээгээрээ бид Сингапурын биржийн үнээр зах зээлийн үнээ тодорхойлдог. Сингапурын биржийн үнээр сая бид шатахуун авсан бол ийм хэмжээгээр үнэ өсөх нөхцөл үүссэн байсан. Тиймээс бид “Роснефть”-тэй хэлэлцээр хийгээд энэ нөхцөл байдалд үнэ нэмэхгүй байх чиглэлээр тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөр төлөөд өсгөхгүй байх арга хэмжээ авч, энэ хүрээндээ аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байгаа” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ
1 comment
заа жүжигээ больж үз