Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри-г хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр цар тахлын дараах дэлхий дахинд үүсээд буй эдийн засгийн хямрал, хүнсний хомсдол үүсэхээс сэргийлэх хүрээнд хүнс, хүнсний бүтээгдэхүүний импортыг төрөлжүүлэх, Энэтхэг Улсаас цагаан будаа, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар ярилцав.
Энэтхэг Улсын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, улс төр, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хоёр улсын худалдааг дэмжих, Монгол Улсын зах зээлд хүнс болон эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Талууд Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон Газрын тосны үйлдвэрийн төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж дуусгавар болгохын төлөө нягт хамтран ажиллахаар болов хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.