Өдөр бүхэн нэг догол мөр
Чи бестселлер номын зохиолч болох мөрөөдөлтэй юу? Аль эсвэл тархиндаа бодож яваа бизнес төлөвлөгөө цаасан дээр хэрхэн буулгахаа мэдэхгүй будилж яваа нэгэн үү? Эсвэл зүгээр л өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийг бусдад түгээхийн тулд блог бичиж эхлүүлэхийг хүсэж байгаа хүн үү? Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн чамд ганцхан л зөвлөгөө өгье. Өдөр болгон ердөө юуны ч талаар хамаагүй ганцхан догол мөрийг л бич. Өдөр бүхэн бичээд л байх тусам бодол санаагаа цэгцтэйгээр бичгийн хэлээр бусдад ойлгуулах нь чиний хувьд үнэхээр хялбархан зүйл болж хувирах болно. Гэхдээ эхний ээлжинд өөрийгөө зовоох хэрэггүй, ердөө ганц өгүүлбэр ч бичсэн хангалттай.
Тогтвортой бай
Орчин цагт төгс төгөлдөр амьдралын хэв маягийг өдөр бүхэн амжилтын шатаар зогсолтгүйгээр өгсөн гарах явдлаар л төсөөлөх нь элбэг болж. Гэвч яг үнэндээ бол гэрийн ажил, угаалга цэвэрлэгээг тогтмол хийх, эрүүл хооллохыг хичээх, ажлаа цаг тухайд нь хийж дуусгах, дасгал хөдөлгөөн хийх цагийг өөртөө гаргах гэх мэтчилэн хамгийн эгэл жирийн дадлууд л бидний амьдралын чанарыг тодорхойлж байдаг. Үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг энэ цаг үед ганц ч гэсэн зүйлийг тогтвортойгоор хийж, түүндээ үнэнч байх нь чиний бодсоноос ч илүү чухал дадал юм шүү.
Одоогийн тав тухаас ирээдүйн тав тухыг илүүд үз
Зөвхөн одоо цагт чамайг жаргалтай байлгах зүйлийг биш ирээдүйн мөрөөдөж, төсөөлж байгаа амьдралдаа зориулан сонголт хийхэд суралцаарай. Жингээ хаяж, гоолиг биетэй болмоор байна уу? Оройн хоолныхоо дараа зайрмаг идэхийн оронд яг одоо гараад гүй. Гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцмаар байна уу? Найзуудтайгаа баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэхийн оронд хэлний шалгалтандаа бэлд. Чиний ухаалаар гаргасан шийдвэр бүхэн чинь чамд ирээдүйд баярлалаа гэж хэлэх болно гэдгийг амлая.
Хариуцлагатай бай
Хариуцлага гэдэг үгийн үндэс хариу шүү дээ. Тэгэхээр хариуцлагатай байна гэдэг нь хариутай байхын нэр юм. Хэн нэгэн чам руу мессэж илгээвэл заавал хариуг нь илгээ. Завгүй байх үед чинь ирсэн дуудлагыг харсан дариудаа эргүүлээд залга. Маш бяцхан зүйлээс л хүний хандлага, итгэл дааж чадах нэгэн эсэх нь харагддаг юм шүү.
Зөв нөлөөлөлд авт
Хэн нэгнийг таниж мэдэхийг хүсвэл түүний хамгийн дотны 5 хүнтэй нь л танилцахад хангалттай гэдэг үг байдаг даа. Харин орчин үед бол дотны хүмүүсээс гадна сошиал орчинд бидний дагаж байгаа хүмүүс, дийлэнхи цагаа өнгөрүүлдэг оффисын тохижилт гээд санаанд оромгүй зүйлс ч бидний дотоод ухамсарт их бага хэмжээгээр нөлөө үзүүлдэг болсон гэж байна шүү. Чамайг тойрон хүрээлж байгаа эд зүйлс, өдөр тутамдаа хүлээж авч байгаа мэдээллүүд нийлээд ирээдүйд чиний хэн болохыг тодорхойлж байдаг тул өөрийн орчин тойрныг эерэг зөв зүйлсээр хүрээлүүлэхийг хичээгээрэй.
Юуг ч хүлээх хэрэггүй, шуудхан хийж эхлүүл
Хувь хүний хөгжлийн тухай олон алдартай номын зохиолч Mel Robbins-ийн “5 секундын дүрэм” номонд өгүүлснээр бол ямар нэгэн гайхалтай санаа хүний тархинд орж ирсэнээс хойш хэдхэн секундын дараа чиний тархи тэрхүү санаатай зөрчилдөж, тэр санааг үгүйсгэж эхэлдэг гэнэ шүү. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сайхан санаа төрөх төдийд л түүнийг санаа төдийхөн хэвээр нь хадгалах биш шуудхан л ажил хэрэг болгох ёстой байх нь.
Илүү ихийг унш
Чи 7 хоногт нэг ном уншиж дуусгах дадалтай номын хорхойтон биш байж болно л доо. Гэхдээ уншихгүй байх нь хувь хүнийхээ хувьд тасралтгүй өсөж хөгжин, суралцахаа зогсоох шалтаг болох ёсгүй юм шүү. “Ярьвал та өөрийн мэдэх хүртлээ л ярьна, харин сонсвол мэдэхгүйгээ нэмж сонсоно.” гэж Далай лам хэлсэн байдаг. Medium.com дээр сонирхолтой нийтлэл бичдэг хүмүүсийн блогийг дага, өдөр бүхэн дэлхий даяар юу болж байгаа талаарх мэдээллийг баталгаатай эх сурвалжаас ав. Ном барьж суух зав маруухан бол сонсдог ном, подкастуудыг “эндээс” “эндээс” татаж аваад чөлөөт цагаа уншихад зарцуулаарай. Мэдлэгийнхээ хүрээг тэлэх хамгийн сонгодог бөгөөд шигшмэл арга бол яалтачгүй унших юм.
Өөрийгөө холоос ажигла
Ажил хэрэг ч бүтэхгүй, дотны хүмүүстэйгээ ч таагүй харилцаатай байх нэг тийм завсрын үе бидний амьдралд хааяа хааяахан гарж ирдэг шүү дээ. Тэр үедээ нөхцөл байдалтай чаргууцалдаж, улам ухаж төнхөх нь байдлыг илүү хүндрүүлдэг сул талтай. Үүний оронд өөрт тохиолдож байгаа явдлыг сайн найзынхаа амьдралд тохиолдож байна гээд төсөөлөөд үзээрэй. Сайн найздаа зөвлөгөө өгч байгаагаар өөрийнхөө асуудлыг хөндлөнгийн хүний нүдээр ажиглах үед чи илүү эрүүл, зөв шийдлийг олох болно.
“Үгүй” гэж хэлэхэд суралц
Чиний эрч хүчинд хязгаар гэж бий. Тийм болохоор хүн бүхэнд сахиусан тэнгэр шиг харагдахыг хичээн “за” гэж хэлээд байвал нэг л өдөр чи эрч хүчээ хэзээ ч сэргээж чадахгүй нөхцөл байдалтай тулгарна. Зөв цагтаа зоригтойгоор “үгүй” гэж хэлэхэд суралц. “Үгүй” гэж хэлэхэд тухгүй, таагүй мэдрэмж төрдөг бол тэр мэдрэмжээ алга болтол хүмүүст “үгүй ээ” гэж хэл. Энэ нь хувиа хичээж байгаа явдал биш, өөрийн доторхи хүнээ хайрлаж халамжилж байгаагийн илрэл юм. Учир нь чамд хүсэхгүй байгаа зүйлээсээ татгалзах эрх бий шүү дээ.
Байгаа зүйлсдээ сэтгэл ханамжтай бай
Үдэшлэгт уригдах үедээ дэлгүүрээс шинэ даашинз худалдан авахын оронд хуучин даашинзан дээрээ чамин акксесуар нэмж зүүгээд л гараад яв. Найзуудаа гэртээ оройн хоолонд урьсан бол дэлгүүрээс тансаг хоолны материал цуглуулахын оронд хөргөгчинд байгаа хүнсээ бүтээлчээр ашиглан хоол хийх гээд нэг үзээрэй. Байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байх нь, тэднийгээ зөв зүйтэй ашиглахад суралцах нь аз жаргалтай байхын үндэс болдог.
Өдөрт ердөө ганц
Хоолны дэглэмээ тэр чигт нь өөрчилж, амаараа орж байгаа хүнс бүхнийг эрүүл, органик биед тустай байлгах гээд өөрийгөө хүчлэх хэрэггүй дээ. Харин түүний оронд өдөрт ердөө ганц л эрүүл бус хоол хүнсний зүйлээс (цөцгийтэй зайрмаг резинин чихэр шоколадтэй жигнэмэг гэх мэтийн) татгалзаад сурчих. Өдөрт ердөө ганцхан удаа өөртөө “үгүй” гэж хэлэхэд л хангалттай.
Өнөөдөр би юу хийж бүтээв? хэмээх асуултыг өдөр бүр өөрөөсөө асуух
Ажлын газрын үүдний хананд маань яг дээрх өгүүлбэр байдаг юм. Холын зорилго байхгүй хүнд ойрын зовлон мундахгүй гэдэг шүү дээ. Ойр зуурхны ахуйн асуудлуудад бууж өгөхгүй, мөрөөдлөө өдөр бүхэн санаж явахад минь энэ ганцхан энгийн асуулт үнэхээр их хувь нэмэр оруулдаг учраас чамайг ч мөн адил энэ асуултыг өөрөөсөө өдөр бүхэн асууж байгаасай хэмээн хүсэж байна.