Чойжин ламын сүм музейн Ядамын сүм буюу нууц тарни нандин шүтээний сүмийн барилгыг 2022 оны 5-10 сард иж бүрнээр нь сэргээн засварлах бэлтгэл ажил явагдаж буй гэнэ. Тодруулбал, Монголын Урлагийн Зөвлөл ба М Си Эс группийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин ламын сүм музейн есөн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөөг АНУ-ын түүхэн барилгын сэргээн засварлалтын мэргэжилтэн Стивен Келли боловсруулж өгсөн билээ. Энэ олон улсын стандартын дагуу явагдсан судалгааны үр дүнд олон улсын соёлын өвийг хамгаалах “World Monuments Fund” сангаас эрсдэлд орсон яаралтай хадгалж хамгаалах шаардлагатай дэлхийн 25 соёлын дурсгалт газрын нэгээр Чойжин ламын сүм музейг 2020 онд сонгон шалгаруулсан юм.