Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаясан, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын төлөөлөл хэлэхдээ ” Тухайн үед дөрвөн сартай хүүхдийн ээж аав хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Иймээс хүүхдийг асран хамгаалах боломжгүй гэж үзэн хамгаалах байранд авчирсан. Хүүхдийн эцэг эх хоёр тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир цагдаагийн байгууллага эрүүлжүүлэх рүү аваад явсан. Одоогийн байдлаар ээж ааваас нь мэдүүлэг авч байгаа. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл учир уг асуудал дээр хорооны ажилтнуудтай хамтарсан баг хурал хийж байж шийднэ” гэлээ.
Түүнчлэн “Тухайн хүүхэд өөрөө хөхүүл учраас аль болох ээжээс нь салгахгүй байх бодлогыг барина. Гэхдээ энэ нь хүүхдэд эрсдэлтэй гэж үзвэл заавал гэр бүлтэй нь ойр байлгах шаардлагагүй” гэдгийг хэллээ.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Налайхчуудын нээлттэй групп” нэртэй цахим хуудсанд нярай хүүхдийг гудамжинд үлдээсэн талаарх мэдээллийг оруулсан юм.
Тухайн хүүхдийн эцэг эх /28-38 настай/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Эрүүлжүүлэх байранд саатуулжээ. Өнөөдөр саатуулах байрнаас гаргаж зөрчил шалган шийтгэх ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан билээ.